Сириэс цэргээ эргүүлэн татлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сириэс цэргээ эргүүлэн татах тушаалд гарын үсэг зурсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр өчигдөр Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгутай уулзах үеэрээ “2016 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Сирид үүрэг гүйцэтгэж буй цэргийн албан хаагчдыг эргүүлэн татах” тушаал өгсөн байна.
Уг мэдээллийг тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров баталжээ. Путин “Цэргүүд Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний өмнө тавьсан зорилгоо биелүүлсэн. Тиймээс маргаашнаас эхлэн хэт даврагчдад цохилт өгч буй цэргүүдийн эхний ээлжийг эргүүлэн татах хэрэгтэй” гэж мэдэгджээ.
ОХУ өнгөрсөн оны есдүгээр сарын 30-наас эхлэн Сирид цэргийн ажиллагаа явуулсан билээ. Энэ хугацаанд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн 2000 гаруй дайчныг устгасан хэмээн Шойгу хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ