Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив
2016-03-15

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.

 

Монгол Улсын Үндсэн хууль нь нийгэм, эдийн засаг, төрийн байгууллын тулгуур үндэс, хүний эрх, эрх чөлөө, төрийн болон орон нутгийн эрх барих  байгууллагуудын тогтолцооны үндсэн эхийг баталгаажуулсан улс төр, эрхзүйн тулгуур баримт бичиг болохын хувьд урт хугацаанд, тогтвортой үйлчлэх учиртай. Гэвч энэхүү үзэл санаа нь улс орны хөгжил, цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн амьдралд гарч буй өөрчлөлт, шинэчлэлтийн тушаа болох учиргүй хэмээн хуулийн төслийн танилцуулгад онцолжээ.

 

Энэ үндэслэлээр 1992 онд батлан мөрдөж эхэлсэн Монгол Улсын Үндсэн хуульд 2000 онд УИХ нэмэлт, өөрчлөлт оруулсан ч энэхүү нэмэлт, өөрчлөлттэй холбоотой санал, шүүмжлэл, маргаан өнөө хүртэл үргэлжилж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хуулийн төслийг өргөн мэдүүлэх үеэрээр дурдав.

 

Энэ асуудлыг өнөөгийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэж, төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Засгийн газар хоорондын зүй зохист хамаарал, эрх мэдэл, чиг үүргийн хуваарилалт, хяналтын тогтолцоог тодорхой болгож, төрийн үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдах боломжийг бий болгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцүүлэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. 

 

Хуулийн төсөл нь нийт 2 зүйлтэй бөгөөд дагалдан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. Үүний дүнд төрийн хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо сайжирч, шинэчлэгдэх болно хэмээн хууль санаачлагч үзжээ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
huul gedeg nariin
2016-03-15
Зочин:
tahart sain nolootei
2016-03-15