Халдлагаар 37 хүн амиа алджээ
2016-03-15

Туркийн нийслэл Анкара хотын Кызылайгийн талбайд амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлсэн билээ. Дэлбэрэлтээр 32 хүн амиа алдаж, 127 хүн шархтжээ. “Амиа алдагсдын тоо нэмэгдэж 37-д хүрсэн” талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Мехмет Муззиноглу мэдээллээ. Эмнэлэгт хүргэгдээд буй иргэдийн 19-ийнх нь биеийн байдал тааруу байгааг сайд мэдэгдлийнхээ үеэр дурьдсан байна.

 

Цагдаагийнхан Анкарагийн халдлагад оролцсон этгээдүүдийг эрэн сурвалжилж буй бөгөөд нэг этгээдийг эмэгтэй болохыг тогтоосон байна. Түүнийг 24 настай, Карс хотноо оршин суудаг болохыг тогтоожээ. Мөн эмэгтэйг Курдын зэвсэгт бүлэглэлийн дайчин хэмээн мэдэгдсэн байна. Анкарагийн халдлагатай тус бүлэглэл холбоотой эсэхийг тогтоогоогүй ч өнгөрсөн сарын 17-нд болсон Анкарагийн халдлагыг тус бүлэглэл захиалсан болох нь тогтоогдсон билээ.

 

Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Ийм үйлдлийг дэмждэг хүмүүс террористуудаас ялгагдах зүйл байхгүй. Зэвсэг, тэсрэх бөмбөг барих тэднийг санхүүжүүлэх утга нэг. Турк хойшид терроризмтэй эрчимтэй тэмцэх болно” гэж мэдэгджээ.

 

Ерөнхий сайд Ахмет Давутоглу “Ямар нэг зэвсэгт бүлэглэл Анкарагийн халдлагыг захиалсан болохоо мэдэгдээгүй байна. Тэд өөрсдийгөө илчлэхээс урьтаж, бид тэднийг баривчлах болно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин