Барилгын салбарт хамтран ажиллах өргөн боломж бий
2016-03-18

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко Монгол Улсад анх удаа айлчилж байна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхаж, уулзалт хийлээ.

 

 

Уулзалтын эхэнд Беларусийн Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлсэн юм. Тэрбээр хоёр орны  хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж их байгааг дурдаад хоёр талын харилцааны ирээдүйтэй чиглэлүүдийн талаар танилцуулсан юм.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүний ажил хэрэгч саналуудыг дэмжээд, Беларусийн хот тохижилтын техник хэрэгсэл, хот хоорондын автобус, хүнд даацын машин механизм, сайн чанарын үрийн буудай, бордоо зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг Монголын тал сонирхож байгааг илэрхийллээ. Мөн эмийн үйлдвэр, хиймэл дагуулын асуудлаар болон батлан хамгаалах, барилгын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцолсон. Үүнээс гадна хамтын ажиллагааны эдгээр чиглэлээр тодорхой ажил хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд хоёр орны Хөгжлийн банк  хооронд тогтоож буй харилцаа чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.

 

Уулзалтын төгсгөлд тус улсын Ерөнхий сайдын орлогч, ноён В.И.Семашког манай улсад өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж, олон уулзалт, хэлэлцээ хийж байгаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг талархал илэрхийлээд, өөрийн мэндчилгээг Ерөнхий сайддаа уламжлахыг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин