Цэцэг өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтыг энэ сарын 22-ныг хүртэл хийнэ
2016-03-18

Нийслэлийн Засаг дарга “Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/218 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, шаардагдах вакцин, халдвар хамгааллын хувцас, бусад материалаар ханган мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажлын гүйцэтгэлийг хангаж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газарт, вакцинжуулалтын ажилд хяналт тавьж удирдлагаар ханган ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, Онцгой байдлын газарт тус тус үүрэг болгов.
Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын үйл ажиллагааны зардалд шаардагдах 26 сая 533 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа.
Урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажилд дэмжлэг үзүүлэн зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ нарт тус тус даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин