Зарлангаа гуйж аваад, цэрэгт бүртгүүлсэн
2016-03-18

Монгол цэргийн өдөрт зориулав.

 

 

Монгол цэргийн өдөр маргааш тохионо. Энэ өдөрт зориулж төрийн Хүндэт харуулын цэрэг, туг сүлдтэйгээ ойрхон эх орны хүү, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн байлдагч Мөнхбатын Анар-Эрдэнэтэй ярилцлаа.

 

Тэрбээр Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын ёслолын парадад Монгол Улсаа төлөөлөн алхсан цэрэг эрсийн нэг билээ.

 

-Сайн байна уу. Хэддүгээр ээлжээр, аль аймгаас ирсэн бэ?

 

-Сайн байна уу. Би 2015 оны нэгдүгээр ээлжээр Өмнөговь аймгаас цэрэгт татагдаж ирсэн.

 

-Цэрэгт ирэхээсээ өмнө юу хийж байсан бэ. Өөрөө цэрэгт явах сонирхолтой байв уу?

 

-ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн Нисэхийн инженерийн ангийн хоёрдугаар дамжаанд сурч байсан. Хичээлдээ сууж байсан чинь аймагт хүмүүст цэргийн зарлан ирээд байна гэсэн. Яагаад надад ирэхгүй байгаа юм бол гээд аймагтаа очоод цэргийн зарлан гуйж аваад, цэрэг татлагад ороод тэнцээд л цэргийн албанд ирсэн дээ. Би оюутан болохоор цэргийн зарлан ирээгүй байсан юм. Ер нь л цэргийн алба хаана гэж боддог. Гэртээ “Ээж би цэрэгт явмаар байна” энэ тэр гээд л ярьдаг байсан. Манай хоёр үеэл ах цэрэгт яваад ирсэн нь бүр ч сонирхол татсан юм. Аав, ээж маань “Эр хүний явж үзэх ёстой алба” гээд дуртай байдаг. 

 

-Тэгээд монгол цэргийн нүүр царай болсон торгон цэргийн ангид хуваарилагдаж, Төрийн ёслолын цэргийн цагаан тугийн дор жагсаж байна. Энэ том бахархал биз ээ.

 

-Тэгэлгүй яахав. Бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Ёслолын хувцсаа өмсөөд төрийн дээд хэмжээний ёслолд оролцоход бахархалтай. Манай ангийн туг төрийн ёслолын цэргийн цагаан туг байдаг. Би тугийн хамгаалагчаар явдаг.

 

-Ёслолын бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

 

-Бэлтгэл ихтэй байдаг. Ёслолд гарах болгонд 7-14 хоногийн турш бэлтгэл хийдэг. Монгол Улсын, монгол цэргийн нүүр царай болж байгаа учир алдах эрх байхгүй. Бид өдөр бүр үдээс өмнө, үдээс хойш цагийн хуваарийн дагуу 2-3 цагийн бэлтгэл хийдэг.

 

-Анх ёслолын хувцас хүлээж аваад өмсөхөд ямар мэдрэмж төрсөн бэ. Их сүр жавхаа бас хариуцлага нэмэгдсэн байх.

 

-Анх цэрэгт ирээд ёслолын хувцсаа хараад хурдан өмсөж үзэх юмсан гэж бодож байсан. Тэгээд бэлтгэл хийгээд сурч, чадаж байгаа нь өмсдөг, олон цэргээс сонгогдож ёслолд явдаг. Ёслолын хувцсаа өмсөхөд бахархал төрж байсан. Малгайг мөрнөөс доошлуулж болохгүй зэрэг нарийн ном журмын дагуу өмсөнө.

 

 

-Хэдэн удаа ёслолд яваад байна вэ. Танай ангийн хувьд өнгөрөгч оны Монгол цэргийн өдөр 4000 дахь ёслолоо гүйцэтгэсэн шүү дээ.

 

-80 гауй ёслолд оролцсон байх. Шинэ цэрэг байхад цөөхөн явна. Хуучин цэргүүдээсээ туршлага дутмаг байгаа шүү дээ.

 

-Хүндэт харуулын цэргийн хувцасны малгай хүнд үү. Өвөл ёслолд оролцоход даардаг уу?

 

-Малгай нь жаахан хүнд. Гэхдээ гайгүй дээ. Өвөл даарахгүй. Өвөл, зуных гэж байдаг. Өвлийнх нь дотортой байдаг.

 

-Цэргийн алба хаах ер нь ямар юм бэ. Эндээс юу сурч, олж авч байна.

 

-Сайхан шүү дээ. Олон найз нөхөртэй болж, тэдэнтэйгээ зовлон, жаргалаа хуваалцан, ганц ширхэг чихрийг ч хувааж идээд л. Бүгд чин сэтгэлээсээ. Цэрэгт ирснээсээ хойш үндсэрхэг үзэл, эх оронч сэтгэлтэй болсон. Өглөө төрийн далбаагаа мандуулж, орой унтахдаа төрийн далбаа буулган, ёслолд зогсож байхдаа ч төрийн далбаагаа хараад л, төрийн далбааныхаа бэлгэдэлт ёслолын хувцсаа өмсөөд хаана ч явсан төрийн далбааныхаа дэргэд байдаг. Эх орноо, Монголоо гэсэн сэтгэл төрдөг. Мөн тэвчээртэй, хүнээс үг сонсож, өөрт байгаа зүйлээ бусадтай хуваалцаж сурсан болов уу гэж бодож байна. Одоохондоо бол яг хэлж мэдэхгүй байна. Халагдаад л мэдрэх байх даа.

 

-Гэрийнхэнтэйгээ хэрхэн холбоо барьдаг вэ. Захидал бичсэн үү?

 

-Захидал бичээгүй. Аав, ээжтэйгээ эргэлтээр ирэхэд нь уулзсан. Төрсөн ах маань хотод байдаг болохоор долоо хоногт нэг удаа ирдэг юм.

 

-Цэрэгт явахаас дургүйцдэг, энэ албанаас зугтдаг залуус байх юм. 

 

-Цэргийн алба хаагаад үзээрэй. Зугтаалгүйгээр. Цэргийн алба хаана гэдэг нь эр хүний амьдралдаа үзэх ёстой зүйлийн нэг.

 

-БНХАУ-д Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн ёслолын парадад Монгол цэргүүд алхсан. Энэ жагсаалын бүрэлдэхүүнд цөөхөн хугацаат цэргийн алба хаагч багтсны нэг нь чи. Ховорхон тохиох завшаан байх шүү.

 

-Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын ёслолын парадад алхсан Монгол Улсын жагсаалын бүрэлдэхүүнд хугацаат цэргийн таван алба хаагч багтсан. Өмнөх цэргүүдээс гурав, манай он жавуудаас хоёрыг авсан. 180 см-ээс дээш өндөр, зөв төрх, алхаа гишгээ, жагсаалч байдал зэргийг нь хараад сонгон шалгаруулж авсан.  

 

-Чиний өндөр хэд юм бэ?
 

-185 см /инээв.сур/.

 

-Тянь Ань Миний талбайд алхах мөчид ямар мэдрэмж төрж байсан бэ. Монгол цэргүүд сайн байсан гэж дуулсан. Жагсаалыг командалж алхсан Б.Хаш-Эрдэнэ хурандаа “Монгол цэргүүд асуудалгүй гэхийг сонсоод санаа амардаг” гэж ярьж байсан.

 

-Яг тэр мөчид бол айж, сандарч байсан. Монгол ер нь сайн алхдаг, тэрхүү жагсаалд оролцохоор очсон орнуудын цэргээс эхний гуравт багтдаг байсан. Хятадын шалгагч нар шалгаад үнэлгээ өгөөд явдаг. Манай цэргүүд загнуулж байгаагүй. Биднийг сайн явж байгаа гурван орны нэг гэж байсан. Бид эндээ хоёр сар, тэнд очоод 10 гаруй хоног бэлтгэл хийсэн.
 

-Халагдахад хоёр сар хүрэхгүй хугацаа үлджээ. Цэргээс халагдаад яана гэж бодож байна.

 

-Сургуульдаа сурна. Ангидаа улирч үлдэх нэг бодол бий.

 

-Аав, ээждээ болон 032 дугаар ангийн хамт олондоо мэндчилгээ уламжлах уу. Манай сайтаар дамжуулаад.

 

-Хүү нь цэргийн албаа сайн хааж байна гэж хэлье. Зэсвэгт хүчний 032 дугаар ангийн хамт олондоо Монгол цэргийн баярын мэнд хүргэе.

 

Ярилцсанд баярлалаа. Монгол цэргийн хийморь өөдөө байг. 

 

Б.Будхүү

 

Shuud.mn
Сонин хачин
narsar:
saihan zaluu bna bayr hurgej amjilt husie
2019-06-12
монгол эмэгтэй:
Монгол эрчүүд мундаг шдээ Манайхан энхийг сахиулах гээд яваад олон улс мундаг гэдэг ш дээ гайхах юмгүй
2019-06-12
Зочин:
bayar hurgie saihan zaluu bna iim l eh oronch zaluus ireeguigee avch yavna daa
2016-03-20
Эр цэрэгт:
сайхан залуу байна. амжилт аз хүсье
2016-03-18
Зочин:
Er tsergin alba ner torttei haj eej aav bolon elgen sadan ah duu nar. Eh orniho nerig ondort orgoj duudee tsergiin bayrin mendig hurgey. Du mini alba sain haagaarai. Duugere baharhaj bga shu.
2016-03-18