Х.Баттулга: Би удахгүй бүхнийг илчилнэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар нь ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг хоёр өдрийн өмнө Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй. Тэгвэл өнөөдөр өглөө түүний бас нэг туслах Ш.Эрдэнэтуяаг баривчилж, байцаалт авахаар саатуулжээ.
Г.Түвшинжаргалыг саатуулах хугацааг сунгах эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болов. Энэ үеэр УИХ-ын Х.Баттулгаас дараах зүйлийг тодрууллаа.
-Таны туслахуудыг ээлж дараалан баривчилж байгаагийн шалтгаан юу вэ?
-Хоёр өдрийн өмнө яаман дээр миний туслах байсан Түвшинжаргал гэдэг эмэгтэйг баривчилж, одоо шүүх хурал нь болж байна. Өнөөдөр гамин цэргийг дарсан өдрөө бас нэг эмэгтэйг барьж хорилоо. Монгол Улсыг хөгжүүлэх гээд төмөр замаа барьж, Сайншанд гэсэн Эрдэнэт шиг үйлдвэр барих хүсэл зорилготой олон хүмүүсийг нухчин дарж байгаа юм байна л даа. Тэдний нэг нь би. Батзаяаг таван сар гаруй мөрдөнд суулгаж, тамласан. Дөрвөн залууг бид гадаадаас Монголдоо оруулж ирж чадахгүй, Интерполоор хайгаад явж байна. Энэ бүгд надтай ажиллаж байсан залуус. Эрчүүдийг нь нухчиж чадахгүй болохоороо хөхүүл эмэгтэйчүүд рүү нь орж байна. Тэр туслах, нарийн бичгүүдээс юу гарах юм бэ, эрх мэдэл байхгүй. Та нар бод доо. Тавантолгойг 60 жил цаашилбал 100 жилээр гадны компанид өгөх гэсэн оролдлогыг илчилсний төлөө ийм эрүү шүүлтэд орж байна.
-Г.Түвшинжаргалтай хамтарч ажиллаад удаж байна уу?
-Зургаа, долоон жил байх. Өнөөдөр баригдсан эмэгтэйтэй 10 гаруй жил хамт ажиллаж байна.
-Г.Түвшинжаргалыг бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэж шалгаж байгаа гэлүү?
-Тэр хүн юуны бичиг баримтыг, ямар зорилгоор хуурамчаар бүрдүүлэх юм бэ.
-Таныг бас шалгаж байгаа гэсэн?
-Шалгаж байгаа. Би өөрөө очиж шалгуулсан. Намайг тойрсон хүмүүсийг тамлаад байгаа бол би та нарын асуугаад байгаа зүйлд хариулъя гээд очсон. Гансүх бид хоёр бүх материалыг аваачиж өгсөн. Энэ шалгалтаар бүх зүйл тодорхой болно. Тэгээд юм гарахгүй болохоор нь өөр зүйл руу орж байна. Энэ бол төмөр замтай холбоотой биш. Төмөр замаас юм гараагүй. Таван сар шалгалаа. Шалгаад байх юм байхгүй. Идсэн уусан ч юм байхгүй. Бараг хувиасаа ч мөнгө гаргаад явж байсан.
-Энэ бүхнийг хэн хийгээд байна вэ?
-Би байнга л ярьдаг шдээ. Энэ Нүүрсчдийн нам гээд. Үүнийг би удахгүй илчилнэ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ