Н.Жанцанноров чуулбар тоглолт хийнэ
2016-03-18

Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров "Говь, Тал" чуулбар тоглолтоо толилуулах гэж байна. Хөгжмийн зохиолч "Дорнодын Цэнхэр Аялгуу", "Оюу Эрдэнийн Говь" хэмээх цомогт орсон уран бүтээлээсээ дээжлэн хүргэх аж.

 

Н.Жанцанноров, 2010 оны долоодугаар сард Дорнод нутгаар долоо хоног аялжээ. Аялах хугацаандаа Алдарт Мэнэн, Тамсаг, Бадам-Ишийн тал, Буйр нуур, Халх гол, Нөмрөг гэх мэт үзэсгэлэн төгөлдөр нутаг, алдарт хуурч Г.Жамъянгийн төрсөн газар, "Хэрлэн барс", хөгжмийн зохиолч Г.Бирваагийн дайны бүрээ үлээж байсан түүхт газруудаар явж байхдаа туурвисан “Дорнодын цэнхэр аялгуу” цомгийнхоо уран бүтээлээс толилуулах юм байна.

 

Мөн “Их өглөө”, “Хулангийн тоос”, “Зэрэглээ”, “Угалз”, “Сэтгэлийн гүнээс”, “Ханбогдын эгшиглэн”, “Эрин цаг” хэмээх долоон ангиас бүрдэх “Оюу эрдэнийн говь” цомогт багтсан үзэсгэлэн төгөлдөр, тэнүүн говиор аялахын сацуу тэнд өрнөж буй эрин зууны бүтээн байгуулалтын анир чимээг мэдрэхүйц бүтээлээ толилуулахаар зэхжээ. Тэрбээр эл хоёр цомгийн тухай “Монгол орны говь, тал, хангай, алтай гэсэн дөрвөн том онцлогоор тус тусад нь цомог гаргая гэж зорьж байгаа. Нэн түрүүнд Дорнодын тал нутгаар аялан явсны дотор тэнгэр газрын завсарт хүн ямар өчүүхэн гэдгийг Мэнэнгийн талд очоод мэдэрсэн. Тал тийм агуу, уудам, бахдам юм билээ” хэмээн өгүүлжээ.

 

Тоглолтод:

П.И.Чайковксийн нэрэмжит олон улсын уралдааны ГранПри шагналт, МУГЖ Г.Ариунбаатар

    МУСТА Ө.Төрмандах

    МУСТА Д.Түвшинсайхан - Морин хуурын чуулгын удирдаач, Хөгжмийн зохиолч

    МУСТА Д.Отгонжаргал

    Морин хуурч Р. Амарбаяр, Х. Батзаяа

    Улсын Филармонийн Симфони Найрал Хөгжмийн Үлээвэр хөгжмийн хэсэг болон Виолончелийн чуулгын уран бүтээлчид оролцоно.

 

Тоглолт энэ сарын 28-нд 19.00 цагаас “Соёлын төв өргөө”-нд болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин