Урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогод намуудын явах замыг нэг болгосон
2016-03-21

УИХ-ын намрын чуулганы төгсгөлд Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолыг баталсан юм. Энэ төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Батцэрэг, Б.Гарамгайбаатар нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн бөгөөд Монгол Улс урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-2030 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгаж  2030 он гэхэд хөгжлийн ямар ахиц, дэвшилд хүрсэн байхыг энэ баримт бичгээр төсөөлсөн байна. Энэхүү үзэл баримтлалыг  боловсруулах дэд ажлын хэсэгт ажилласан Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

 

-Парламентаар өмнө нь урт хугацааны хөгжлийн бодлого баталж байсан. Энэ удаагийнх ямар онцлогтой, ач холбогдолтой болсон бэ?

 

-Өмнө нь Мянганы хөгжлийн зорилтот суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг  2021 он хүртэл хэрэгжүүлэхээр бодож баталсан. Түүний нэгдүгээр үе шат нь 2015 оноор дуусгавар болж байсан. Хэрэгжилтийг нь явцын дунд дүгнээд явж байсан ч яг 2015 онд нэгдүгээр үе шат дууслаа гэсэн үнэлгээ хийгээгүй. Уг нь хүрсэн төвшин нь 50 хувь, үлдсэн 50 хувь нь хэрэгжээгүй гэсэн үг. Хэт өөдрөг, том зорилтуудыг тусгасан байсан л даа. Энэ удаагийн баримт бичгийг боловсруулахаар 2014 онд УИХ-ын даргын захирамж гарч, УИХ-ын 15 гишүүний бүрэлдэхүүнтэй, гурван намын бүлгийн дарга нарын ахалсан ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийн дор баримт бичгийг боловсруулахаар эрдэмтэн, судлаачид болон Засгийн газар, парламент, бие даасан судлаачдаас бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсгийг байгуулсан. Миний хувьд дэд ажлын хэсэгт ажилласан. Сангийн яамны Макро эдийн засгийн газар ажиллаж байхдаа өмнөх бодлогын бичиг баримтыг боловсруулахад оролцож байсан. Энэхүү урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг Монголын хувьд хоёр дахь хөгжлийн бодлого, зарим нь гурав дахь бодлого гэдэг. Өмнө нь Тогтвортой хөгжлийн бодлого гэж гарч байсан. Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлан гаргахаас өмнө өнгөрсөн онд  Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталсан юм. Энэ хууль хэдэн жилийн өмнө өргөн баригдсан, нэлээд хугацаанд боловсруулсан байсан. Цаашдын хөгжлийн бодлогыг ямар байх, түүнд нь юуг тусгах вэ гэдгийг тодорхойлсон. Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь богино, дунд, урт хугацааных гэсэн үндсэн гурван ангилалтай байна. Богино хугацаанд үндсэн чилэлүүд, аймаг орон нутгийн, дунд хугацааных гэдэгт Засгийн газраас баталж байгаа салбарын бодлогын баримт бичгүүд, мөн УИХ-аас баталж буй бодлогууд орно. Урт хугацааных гэдэг нь энэхүү хөгжлийн бодлогын баримт бичиг юм. Хугацааны хувьд 10 жилээс цааш, улс орны бүхий л асуудлыг хамарсан бичиг баримт байна. Энэхүү хөгжлийн бодлогод дөрвөн хүрээг хамарсан. Эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжил, засаглалын үзүүлэлт юм. Бүхий л улс орны урт хугацааны хөгжлийн бодлого эдгээр дөрвөн үндсэн чиглэлтэй байдаг. Цаана нь гадаад бодлого, батлан хамгаалах гээд байгаа л даа. Эдгээр нь урт хугацаанд биш гадаад бодлогоос хамаараад богино хугацаанд өөрчлөгдөх шаардлагатай болдог учраас төдийлөн оруулдаггүй. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд 2014 оны байдлаар ямар төвшинд байгааг Үндэсний статистикийн газар, мөн Олон улсын байгууллагуудаас тодорхойлсон харьцуулалтуудыг гаргаж тавьсан. Өмнөх бичиг баримтад Олон улсын байгууллагын үзүүлэлтүүдийг төдийлөн ашиглаж байгаагүй. Энэ удаад ашигласны гол зорилго нь зөвхөн статистикийн гаргасан үзүүлэлт хэт явцуу болчихдог. Тухайн хүнд хэрхэн үр өгөөжтэй байсан нь харагддаггүй. Жишээ нь, байгаль орчны үзүүлэлт статистикаар төдийлөн гардаггүй. Энэ бүгд Олон улсын байгууллагын үзүүлэлтээр илэрхийлэгддэг юм. Хөгжил гэхээр зөвхөн гадаадад гаргасан бүтээгдэхүүн, салбарын өсөлтийн тухай биш байгаль орчин тогтвортой, хүний эрүүл мэндэд аюулгүй, нөгөө талдаа хүн хүн эрүүл чийрэг, боловсролтой, мөн аз жаргалтай, амгалан тайван амьдрах юм. Улс орны аз жаргалын үзүүлэлт гэж Олон улсын байгууллагаас гаргадаг боллоо. Энэ нь нэлээд түгээмэл болж олон улс хамрагддаг болсон. Энэ удаагийнханд 157 улс  хамрагдсанаас Монгол Улс 101-д орсон байна. Хүний аз жаргалын үзүүлэлт гэхээр нэг хүнд ногдох ДНБ, урт наслалт, эрүүл мэнд, амьдралаа өөрөө сонгох эрх чөлөө гэх мэт олон үзүүлэлтийг хамарчээ. Энэ бол бидний хөгжлийн нэг үзүүлэлт болж байгаа юм. Манай улсын нэлээд гайгүй үзүүлэлт гэвэл бизнес эрхлэлтээрээ 56-д явж байх жишээтэй. Нэг хүнд ногдох бүтээгдэхүүнээр жагсаавал манайх 120 руу орсон байгаа.

 

-Статистик хэдэн тоо гаргадаг ч айл бүрт яаж нөлөөлсөн нь бодит амьдралтай нийцдэггүй гэсэн шүүмжлэл бий. Та ч хэллээ. Тэгэхээр энэ удаагийн урт хугацааны хөгжлийн баримт бичиг амьдралтай нийцсэн гэж үзэж болох уу?

-Урт хугацааны бодлого  учраас өдөр тутмын амьдрал дээр шууд тусах нь бага харагдаж магадгүй. Манай улсын хөгжлийн төвшинд зарим талаараа доогуур, уул уурхай, эдийн засаг гээд бодит эдийн засаг нь нэлээд хөгжсөн ч шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн тал дээрээ асуудалтай. Энэ нь том зорилтоо хэрэгжүүлэхэд саад учирч байна. Хүнээ эрүүл болгоё гэвэл түүнд нөлөөлдөг бүх үзүүлэлтээ сайжруулах учиртай. Тэгэхээр бид эмнэлгээ бариад, үнэтэй тоног төхөөрөмж авчихлаа, гадаадаас эмч, мэргэжилтнүүдийг урьж авчирлаа, гэвч нөгөө талдаа амьдрах аюулгүй байдал нь асуудалтай. Олон сургуулийн барилга барилаа гэхэд тэнд ажиллах багш, боловсон хүчнээ зэрэг боловсруулж чадахгүй байна гэх мэт дутагдал бий. Тэгэхээр энэхүү урт хугацааны хөгжлийн бодлого нь цаашдаа УИХ-ын сонгуульд оролцож буй улс төрийн намууд, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон байх ёстой гэдгийг УИХ-ын тогтоолоор заасан. Өмнө нь УИХ-ын сонгуульд 500-600 хүн өрсөлдөхөөр нэг нь Герман шиг, нөгөөх нь Солонгос, бас нэг нь АНУ шиг болно гэцгээдэг. Энэ удаад намууд мөрийн хөтөлбөрөө нэг чигтэй болгох байх. Шууд АНУ, Япон, Солонгос шиг болж чадахгүй. Ядаж хаана хүрэх гэж байгаа дээрээ санаа нэгдэж байгаа гэсэн үг. Монгол хүний дундаж наслалтыг 78 болгоно гэсэн зорилтод хүрэхийн тулд улс төрийн намууд, нэр дэвшигчид тодорхой санаачилгууд гаргах байх. Тодруулбал, урт хугацааны хөгжлийн бодлогод улс төрийн намуудын явах чиг замыг нэг болгосон гэж болно. Ирэх саруудад бид эхний үр дүнг нь харах гэж байна. Намууд яг энэ бодлого руу чиглүүлж мөрийн хөтөлбөрөө боловсруулж чадах нь уу гэдэг юм. Тодорхой нэг нам,эвсэл ялалт байгууллаа гэхэд түүний байгуулсан Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр үүнд тулгуурлах ёстой юм. 

 

-Нэр дэвшигчид, намууд мөрийн хөтөлбөртөө тусгана гэдэг хэр оновчтой бол. Гэхдээ УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн дарга нар ахалж ажилласан болохоор тэд санал нэгдсэн байх?

-Өмнөх хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг эрдэмтэн судлаачид ярьдаг байсан. Энэ удаагийн бодлогын озуурхууштай нь УИХ-ын гишүүд хоорондоо ярилцаад, урт хугацааны хөгжлийн бодлого зайлшгүй хэрэгтэй гэдэгт санал нэгдээд гурван бүлгийн дарга нар идэвхтэй оролцож, санал бодлоо  солилцсон.  Тал бүрээсээ ярьж байсан санаа бодол нь нэгдсэн нь сайн хэрэг. Дараагийн сонгуулиар энэхүү нэгдсэн ойлголт нь хэвээрээ явбал бүр илүү үр дүнтэй болно.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

М.Ганцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин