З.Энхболд Архангай аймгийн иргэдтэй уулзалт хийлээ
2016-03-23

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт үргэлжилж, өнөөдөр /2016.03.22/ Архангай аймагт ажиллаж байна. 
 
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолууд, эдийн засгийн зарим асуудлууд, бүтээн байгуулалт, бондын талаар болон барилгын салбар, ипотекийн талаар, хөдөө aж aхуйн салбарын талаар танилцуулж, мэдээлэл хийсэн юм. 
 
 
 
2015 оны намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороо 131 удаа хуралджээ. Нийт 426 хууль 64 тогтоол баталснаас бие даасан хууль 29, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 355, олон улсын гэрээ конвенц соёрхон батлах тухай 11 хуулийг тус тус баталсан байна. Мөн Улсын Их Хурлын 2012-2016 оны тайланг танилцуулсан юм. 
 

 

2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан бие даасан 29 хуулиас онцолж Эрүүгийн тухай хуулийн танилцуулгыг хийж байгаагаа Улсын Их Хурлын дарга хэлэв. Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаарх олон улсын эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг нутагшуулах шаардлага үүссэн. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууд тохирсон ял оногдуулах боломж бага, гэмт хэргийн ангилал, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хатуу хязгаарын хүрээнд ял оногдуулдаг хуулийн зохицуулалт оновчгүй байсан, шинэ төрлийн гэмт хэргийг хуульчлах зэрэг шаардлагуудын үүднээс Эрүүгийн хуулийг шинэчлэн баталсан. Шинээр батлагдсан Эрүүгийн тухай хуульд ялын бодлогыг өөрчилж, хорихоос гадна зорчих эрхийг хязгаарлах, хорих, эрх хасах, торгууль оногдуулах болжээ. 
 
Мөн террор үйлдэх, террор үйлдэхэд бэлтгэсэн тохиолдолд хуулийн этгээдэд хариуцлага тооцдог болсон шинэ зохицуулалтыг оруулсан талаар Улсын Их Хурлын дарга танилцуулгадаа хэлсэн юм. Шинэ төрлийн гэмт хэргүүдийн талаарх хууль, эрх зүйн зохицуулалтуудыг тусгасан. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бэлгийн мөлжлөг, бэлгийн дарамт учруулах, заналхийлэх, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийх, хууль бусаар мөрдөж мөшгих, сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах, хүүхэд солих, хүүхэд худалдах, хүүхдийг шийтгэх, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах болон хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх гэх мэт шинэ төрлийн гэмт хэргүүдийн талаарх эрх зүйн зохицуулалтуудыг тусгасан байна. 

 

 

Дараа нь торгох ял оногдуулдаг Зөрчлийн тухай хуулийг танилцуулсан юм. Захиргааны хариуцлагын тухай болон бусад 210 гаруй хуульд байдаг торгох ялыг нэгтгэн Зөрчлийн тухай хуулийг баталжээ. Зөрчлийг гэмт хэргээс зааглан тодорхойлж, хууль зүйн нэгдсэн бодлогоор цэгцлэгдээгүй, 210 гаруй хуулиар зохицуулж байсан 1250 орчим зөрчлийг нэг стандартаар төрөлжүүлэн нэгтгэсэн. Мөн хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах, зөрчлийн шинж, хариуцлагыг тодорхой болгох, улмаар хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчмыг бэхжүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлж байгааг өөрчлөх, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандарттай, тодорхой хуульчлах шаардлагыг бий болгох суурь нөхцөл болж байгаа бөгөөд Эрүү болон Зөрчлийн тухай хуулийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс бүрэн эхээр нь уншиж танилцах боломжтой. Мөн www.parliament.mn цахим хуудаснаас татаж авч болно хэмээсэн. 

 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх, Хамтын тэтгэврийн тухай хууль болон 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэх, төрийн үйлчилгээ авах иргэн бүрт хамааралтай Захиргааны ерөнхий хуулийн талаар танилцуулсан юм. Монгол Улсын хэмжээнд төрийн байгууллага бүр, төрийн албан хаагч бүр нэг стандартаар иргэнд үйлчилгээ үзүүлэх зохицуулалтыг хуульчилсан бөгөөд стандартын дагуу ажиллаагүй төрийн албан хаагчийг ажлаас нь халах хүртэл хариуцлага тооцох юм. Сүүлийн 25 жилийн хугацаанд хийхээр яригдаж байсан том реформ болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, 2016 оны хаврын ээлжит чуулганаар Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталснаар цогц зохицуулалт болно гэв. 

 

 
Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр Архангай аймгийн иргэдэд улс орны эдийн засгийн зарим асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын орлогын эх үүсвэр болсон алт, зэс, төмрийн хүдэр, алтны үнэ дэлхийн зах зээл дээр унасан. Харин эдийн засгийн 97 хувь нь уул уурхайгаас хамааралтай манай улсад хүндээр туссан. Эдийн засгийн өндөр өсөлттэй жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхайн салбарт байсныг тоо, баримтад тулгуурлан тайлбарласан. Түүнчлэн Оюу толгой уурхайн далд уурхайг барихад цемент, арматур, ажиллах хүч тун чухал бөгөөд Монгол Улсад эдгээр нь хангалттай байгаа учраас далд уурхайн бүтээн байгуулалтыг Засгийн газар дэмжсэн гэлээ. Уул уурхайн бус гадаадын хөрөнгө оруулалт манай улсад тун чухал бөгөөд эдийн засгаа төрөлжүүлэх боломж өргөн байгааг хэлж байсан. Уул уурхай болон уул уурхайн бус гадаадын хөрөнгө оруулалт нийлээд ирэх гурван жилд 1.5 тэрбум ам.доллар байх тооцоог танилцуулгынхаа үеэр хэлж байсан. 
Уул уурхайн түүхий эдийн уналт дотоодын эдийн засагт хүндээр туссан бөгөөд энэ үед Улсын Их Хурал, Засгийн газраас “Чингис”, “Самурай” бондыг авсан. Манай улстай адил уул уурхайн түүхий эдийн экспортдоо тулгуурладаг орнууд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан дотоодын мөнгөн тэмдэгт нь дунджаар 2.3 дахин унасан. Энэ тооцооллоор явсан бол 3082 төгрөг өнөөдөр 1 ам.доллартай тэнцэх байсан талаарх тооцооллыг хийж үзүүлэн, тайлбар хийв. Төр засгаас валютын ханшид зохицуулалт хийдэггүй шалтгаануудын нэг бол ам.долларын ханш өндөр байх хэрээр үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа идэвхждэг байна. Валютын ханш өсөх хэрээр импортын барааны үнэ өсч, нөгөө талд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний эрэлт өсдөг байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалт их байх хэрээр үйл ажиллагаа нь өргөжин, олон монгол хүн ажлын байртай, тогтмол орлоготой болж байгаа эерэг нөлөөллийг харах хэрэгтэй. Харин валютын ханш буурахад импортын худалдаа эрс нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэгчид хямд өртөгтэй импортын бараатай өрсөлдөж чадахгүйд хүрч үйл ажиллагаагаа зогсооно. Ингэвэл ажилчид халагдаж, монголчууд орлогогүй, ажилгүй болох эрсдэлтэй. 

 

 

Зээл авах нь санхүүгийн энгийн харилцаа бөгөөд улсын авсан зээлийг бонд гэж нэрлэдэг. Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр сайд байхдаа олон улсын санхүүгийн зах зээл дээрээс 4.5 хувийн хүүтэй бонд босгосон. Энэ хөрөнгөөр Монгол Улс сүүлийн гурван жил эдийн засгаа хөдөлгөж байна. Макро эдийн засагт ч, ханшийн хөдөлгөөндөө ч, бодит сектортоо ч энэ хөрөнгийг хэрэглэсэн. 

 

2008-2012 онд Засгийн газар гаднаас 600 сая ам.долларын зээл авсан бөгөөд үүнийгээ шинэ гэрлэгсдэд 500.000, иргэн бүрт сар бүр 21.000 төгрөг гэх мэтээр тараасан. Өөрөөр хэлбэл энэ их хэмжээний өрийг ямар ч үр ашиггүй зарцуулсан. Харин 2012 оноос хойш Засгийн газар дээрх өрийг барагдуулсаар өнөөдрийн байдлаар 400 сая ам.долларыг төлөөд байгаа юм байна. Харин “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг үндэсний үйлдвэрээ хөгжүүлэхэд, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто замын бүтээн байгуулалтад зарцуулсан. Үүний тодорхой хэсгийг ч Архангай аймагт зарцуулсан. Шинээр баригдсан орон сууц, авто зам, аймаг суманд баригдсан дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг бүгд бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл, бондын хөрөнгийн зарцуулалт янз бүрийн хэлбэрээр эргэн төлөгдөх бөгөөд үр дүнд нь Монгол Улсын хөгжил тодорхой хэмнэлээр хурдасч, зээл төлөвлөгөөнийхөө дагуу төлөгдөнө. 

 

2015 оны эхний хагас жилийн байдлаар 1055 үйлдвэржилтийн төслийг бондын хөрөнгөөс санхүүжүүлээд байна. Эдгээрийн 15 хувь нь 2014 онд, 2015 онд 77 хувь нь ашиглалтад орсон бол 23 хувь нь энэ онд ашиглалтад ороход бэлэн болоод байна. Нийт үйлдвэрлэл 80.4 хувиар өсч, гадаад худалдааны тэнцэл эерэг болсон үр дүн харагдаж байна. Хамгийн гол нь 6123 монгол хүн аж үйлдвэрийн салбарт ажлын байртай болсон. Энэ хэрээрээ иргэд, өрх бүрт эерэг нөлөө үзүүлсэн байна. 

 

Улсын Их Хурлын дарга эрчим хүч, авто зам, инженерийн дэд бүтэц, барилгын салбарт оруулсан хөрөнгө оруулалтын тайланг танилцуулан, үр ашгийн талаар мэдээлэл өгсөн юм. Мөн улсын өрийн талаар бодит мэдээллийг танилцуулж, ДНБ дэх Засгийн газрын өрийн хэмжээ нь манай улстай адилхан 35 улс байгаа бөгөөд бондын төлөлт хэвийн явагдаж байгаа тохиолдолд санаа зовох зүйлгүй гэдгийг Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр хэлж байсан. Хамгийн чухал нь зээлээ ирээдүйн эдийн засгийнхаа суурийг тавьж чадсан уу, хэрэглээндээ зарцуулаад дуусгачихсан уу гэдэг нь чухал. “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг бид зөв зарцуулж чадсан, үүнийг өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрийн газрууд, шинээр орон сууцанд орж буй иргэд, хатуу хучилттай автозамаар зорчиж буй иргэд бодит гэдгийг хэлэх нь лавтай гэж байлаа.

 

 

Бондын хөрөнгийн гуравны нэгээр үйлдвэрүүддээ санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бол төр үндэсний үйлдвэрлэгчдэдээ эрх зүйн орчинд дэмжлэг үзүүлж, татварын зохицуулалт, хуулиар зах зээлийг нь хамгаалахаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталж, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Монгол Улс дотооддоо 370 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд эдгээртэй ижил төрлийн импортын бүтээгдэхүүний гаалийн татварыг 5-20 хувь хүртэл нэмэх эрхийг Засгийн газарт өгчээ. Мөн төрийн байгууллагууд дотоодод үйлдвэрлэж байгаатай ижил импортын бүтээгдэхүүнийг худалдан авах эрхгүй байхаар зохицуулсан. Түүнчлэн Япон Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан нь үндэсний үйлдвэрлэгчдэд үнэтэй боломж. Хамгийн өндөр стандарттай энэ улсын зах зээлд экспортолсон бараа бүтээгдэхүүн дэлхийн бусад оронд чөлөөтэй худалдаалах боломж бүрдэх юм.

 

Монгол залуусыг мэргэжилтэй, сахилга баттай, орлогтотой болгох, мөн улсын бүтээн байгуулалтад чухал хэрэгцээтэй байгаа, гадаадын ажиллах хүчний орон зайг бүрэн нөхөх “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн талаар архангайчуудад танилцуулж, үр ашгийн талаар мэдээлэл өгөв. Цэргийн алба хааж байх хугацаандаа бүтээн байгуулалтал оролцсон залуус мэргэжилтэй, халагдахдаа дансандаа орон сууцны урьдчилгаа төлөх хэмжээний хуримтлалтай халагдах тооцоог салбарын мэргэжилтнүүд хийсэн болохыг Улсын Их Хурлын дарга танилцууллаа. Архангай аймагт барилгын цэрэг байгуулах бөгөөд үүнд зарцуулагдах хөрөнгийг энэ оны төсөвт суулгасан байна.

 

 

Түүнчлэн барилгын салбарын хөгжил, үүнд ипотекийн зээлийн үзүүлсэн нөлөөний талаар иргэдэд танилцуулсан. Улсын хэмжээнд 2012 оноос хойш 53000 айл шинээр орон сууцтай болсон бол 46000 хүн нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд, барилгын салбарт ажил эрхлэн, тогтмол орлоготой болсон байна. Мөн жил бүр орон сууцууд ашиглалтад орж байгаа ч иргэдэд бага хүүтэй орон сууцны зээл олгож байгаа учир худалдан авч байгаа. Энэ нь барилгын салбарын санхүүгийн эргэлтийг хангадаг байна. Архангай аймагт 1990-2012 оны хооронд 36 орон сууц шинээр ашиглалтад орсон бол 2012-2016 оны хооронд 744 орон сууц шинээр ашиглалтад оржээ. Инфляцийн өөрчлөлттэй холбоотойгоор ипотекийн зээлийн хүүг бууруулсан талаарх мэдээллийг танилцуулсан. Мөн жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлтэй иргэн Н.Ариунтунгалаг ийн зээлийн хүү 5 хувь болсноор сар бүрийн төлөлтөөс 43.000 төгрөг хэмнэж, зээл төлөх үлдсэн хугацаанд нийтдээ 5.3 сая төгрөгийн зээлийн хүүгээс чөлөөлөгдөж байгаа болохыг тооцоолж үзүүлсэн. Түүнчлэн орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болсон тохиолдолд зээлийн шалгуур өндөр болж, сар бүрийн төлөлтийн дүн нэмэгдэх учраас дундаж орлоготой өрх бүр зээлд хамрагдах боломжгүй болж байгааг мөн тооцоолж, үзүүллээ. Мөн малчны зээлийн хүүг бууруулсан талаар танилцуулж, малчин бүр "Сайн малчин" болох нь өөрт нь төдийгүй улс орны эдийн засагт чухал нөлөөтэй болохыг хэллээ. Эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх шаардлагын хүрээнд хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх зорилтыг Улсын Их Хурал, Засгийн газраас дэвшүүлээд байна. Тиймээс малчид малаа эрүүлжүүлэн, эхний ээлжинд БНХАУ, ОХУ, Вьетнам Улсад экспортлох боломжоо ашиглах хэрэгтэй. Тэгвэл улсын хэмжээний 200 мянган малчин өрхийн орлого бодитоор өснө. Цаашлаад бидний тооцоолоогүй олон боломж байна. Тухайлбал, биотехнологи, нанатехнологийн түвшинд малын гаралтай түүхий эдийг боловсруулан байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн өндөр үнээр экспортолж буй жишээ байна. Энэ мэт боломжуудаа ашиглах тал дээр идэвх, санаачлагтай байх хэрэгтэй хэмээн уриаллаа. Хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын боломжийн талаар Улсын Их Хурлын дарга танилцуулаад "Таван толгойд биш, таван хошуу малдаа найдаж амьдарцгаая. Уул уурхайг орлох салбар болгон хөгжүүлцгээе" хэмээн уриалж, танилцуулгаа өндөрлөлөө.

 

 

Үргэлжлүүлэн иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу татварын 2 хувийг буцаан олгодог болсон. Харин үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг 1.2-2 сая төгрөгийн тоног төхөөрөмж авахыг шаардаж байгаа тухай асуусан иргэний асуултад Улсын Их Хурлын дарга хариулт өглөө. Энэ хууль 2 сарын хугацаанд хэрэгжихэд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад манай улсын татвар 2 дахин өссөн. Үүний шалтгаан нь үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээ эрхлэгчид татвараа бүрэн төлж эхэлсэн учраас тэр. Худалдаа эрхэлж буй иргэд тусгай кассын машин авахыг хуулиар шаардаагүй, сонголт бий. Кассын машины өртөг 1.2 сая байгаа, мөн 350 мянган төгрөгийн үнэтэй нь ч бий. Харин иргэд кассын машинтай худалдааны байгууллагаар үйлчлүүлж, 2 хувийн буцаан олголтыг авах боломжоо эдлэхийг хүснэ. Энэ хуулийг улс татвараа бүрэн авахын тулд баталсан. Үүний 2 хувиар иргэдээ урамшуулж байна. Улсын Их Хурал олонхийн эрх ашиг, Монгол төрийн эрх ашгийг хамгаална. Татварын орлогоор эмч, багш нарынхаа цалинг өгдөг юм. Монгол Улсын хууль мөрдөгдөх болно хэмээн хариуллаа. 

 

 

Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр Ард нийтийн санал асуулгын тухай болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулж, иргэдийн асуултад хариулт өглөө. АИХ-ын депутат асан Т.Ядамсүрэн, С.Мишка нар энэ үеэр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа бүх нийтийн дунд санал асуулга явуулан шийдвэрлэх ёстой” гэдэг байр сууриа илэрхийлсэн.

 

 

Архангай аймгийн иргэн С.Мишка мөн уулзалтын үеэр УИХ-ын дарга болон гишүүдэд хандан, УИХ хууль, тогтоол батлах процессыг телевизээр байнга үздэг. Гэтэл зарим намууд өөрт таалагдахгүй хуулиа гацааж байнга завсарлага авдаг нь ард түмний амьдралд чухал шаардлагатай хуулиудыг батлахгүй хугацаа алдахад хүргэж байна хэмээн иргэн хүний хувьд дүгнэдэг. Иймээс цаашид энэ байдалдаа анхаарах хэрэгтэй гэлээ.

 

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн талаар мэдээлэл өглөө. Энэ хууль нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Архангай аймгийн иргэд эмэгтэйчүүд та бүхэн өөрсддөө ажлын байраа бий болгон, сургалтандаа хамрагдан хуулийг хэрэгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцохыг хүсье гэлээ. 

 

 
 
Архангай аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нар иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-07-13
zochin:
ih hurliin gishuudee zagnadag shig irgeniig zagnaad microponniig ni haasan gej social.oor ywaad bn sh de
2016-03-23