Белгийн нийслэл Брюссель хотноо өчигдөр дараалласан дэлбэрэлт болж, 34 хүн амиа алдаж, 120 гаруй хүн шархтжээ. Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
Брюссель хотноо болсон халдлагын дараа Парис хотноо байрлах Эйфелийн цамхаг Белгийн төрийн далбааны өнгөөр өнгөө өөрчилжээ. Парис хотын дарга “Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Парисын халдлагын үеэр Белгийн ард түмэн биднийг сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан” гэж хэлжээ.
Халдлагатай холбогдуулан Белги гурван өдөр гашуудал зарласан бөгөөд өнөөдрөөс эхлэн бүх урлаг, спортын тоглолт болон олон нийтийн арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар зохион байгуулахыг хориглосон байна.
Тус улсын Ерөнхий сайд Чарлез Мишель амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, “Парисын халдлагын дараа бид их эмээж байсан. Брюссель хотноо террористууд халдах вий хэмээн. Харамсалтай нь бидний айдас биелэл боллоо” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |