Сонгуулийн өмнөх дажин
2016-03-24

 

Улс төр дажинтай байна. Нам бүрт л сэжиглэгдэж, шалгагдаж байгаа, зарим нь шүүхээс ял сонссон гишүүн ч бий. Жишээлэхэд, Шинэчлэлийн Засгийн газрын үед Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө шамшигдуулсан хэргээр 3.6 жилийн хорих ял сонслоо. Шийдлийн Засгийн газарт ЭМС-ын сайдаар ажиллаж  байсан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ажлын байран дээрээ авлига авч байгаад баригдсан хэргээр шалгагдаж байна. Монгол Улсын сайд, МҮАН-ын дарга М.Энхсайхан “Тавантолгой”-н гэрээг эх орондоо ашиггүй хувилбараар батлуулахаар зүтгэсэн хэрэгт сэжиглэгдэж, шалгагдах дээрээ тулаад буй билээ.

 

Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал дууссаны дараагаар экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Шинэчлэлийн Засгийн газар хоёр жил ард түмнээ хямд нүүрсээр хангасны төлөө Л.Гансүхэд маань шоронд 3.6 жил суух ял өглөө. Намайг Ерөнхий сайдаас огцруулах гэж зохиосон улс төрийн захиалгат хэргээ үргэлжлүүлсээр байгаа “Ичсэн хүн хүн ална” гэгч юм боллоо” хэмээсэн бичлэг цахимд тавигджээ.

 

Тэгвэл авлигын хэргээр баривчлагдсан Г.Шийлэгдамба “Намайг болон намын зарим хүмүүсээ донгодох талаар МАХН-ын нөхөд маань өчигдөр хэвлэлээр мэдэгдлээ. Би амьд байгаа. Гагцхүү тэгээд дуугүй байж, миний талаар хэн нэгэн юу гэж хэлж, бичиж байгааг харж мэдсээр байна. Харин өнөөдөр ганц нэг зүйлийг бичье гэж бодлоо. Миний хэлж, тавьж буй асуудал бүгд үнэн юм. Итгэж үнэмшихгүй байгаа хүмүүсийн хувьд "Цензүргүй яриа" нэвтрүүлгийг дахиж үзэж болно. Хуулийн болон нийгмийн өмнө би бүх хариуцлагыг хүлээнэ. Монголын ирээдүйн улс төрийн ямар ч намын амьдралд ийм асуудал үүсдэггүй байх ёстой. Эцэст нь хэлэхэд, энэ бүхний цаана ямар нэгэн улс төрийн тохироо байхгүй, миний хувьд ямар нэгэн албан тушаалд очихгүй..." хэмээн өөрийн цахимаараа дамжуулан жиргэжээ.

 

 

Дотроо эв эеэ олохгүй хөлөө жийлцэж байж, юун бусадтай эвсч сонгуульд орох вэ. Хоорондоо эв зүйгээ олдоггүй хүмүүс бусадтай учраа ололцох уу. Сонгуулиар парламентад суудал авах гэж эвсч байгаа хэдий ч төр, засгийг барилцах ирэх дөрвөн жилд төрийн ажлыг төвшин явуулж чадах уу гэх зэргээр элдэв  асуулт хөврөх юм.

 

АН дахь МоАХ-ын тэргүүн, гишүүн Х.Баттулгын туслахыг баривчлан, цагдан хорьж, түүнийг гаргаж авахын төлөө нэр бүхий улстөрчид гүйлдэн, хэвлэл мэдээллийнхнийг байлцуулан ЦЕГ-ын дарга руу утас цохиж, яаралтай суллахыг шаардсан улс төрийн зохиомжит тоглолт үргэлжилж байна.

 

Тэгвэл цагдан хорих газарт баривчлагдсан хүүгээ эргэж, батлан даалтад авч чаддаггүй юм гэхэд барааг нь ганц удаа ч болов харж, сэтгэлээ дэвтээхээр хичнээн олон аав ээж хамгаалагч нараас царайчлан суугаа бол. Гэмт хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан хүүхдээ суллаж авахаар Цагдаагийн хэлтсийн даргын утас руу залгаж, чанга дуугаар ярьж чадах уу. Төрийн түшээ, жирийн иргэн хоёрын хооронд эрх мэдлийн асар том зай байгааг дээрх үйл явдлууд гэрчилнэ.

 

Ер нь намууд дахь фракц бүлэглэлийн амбиц дотроосоо өөрсдийг нь хагаралдуулж,  төрийн ажлыг гацааж байгааг улстөрчид өөрсдөө ч шүүмжилдэг. Хуульзүйн сайд Д.Дорлигжав “Ажил явуулахад үнэхээр хүнд байна. Хэн нэгнийг шалгах гэхээр тэрний хүн, энэний хүн гээд дээр дооргүй залгаад. Боловсон хүчний томилгоо мэдлэг туршлагаар бус фракц бүлэглэлээс хамаарч явагдаад ажил хийлгэхгүй байгаа. Тиймээс улс төрийн хүчнүүд фракц бүлэглэлээсээ ангижрах ёстой” хэмээн хуулийн төсөл санаачилснаа дуулгаж байсан.  Бүлэглэл, фракцаас ангид байя гэж ярьж байгаа ч  ажил хэрэг болохгүй байгаа нь харамсалтай.

 

Цаашлаад МАХН-ын дарга Н.Энхбаярт АТГ-аас байцаалт авахаар 5 удаа дуудаад ирээгүй. Шадар сайдын өрөөнд МАХН-ынхан хуралдаж байх үед нь явж орсон АТГ-ын 4 ажилтан Төрийн тусгай хамгаалалттай онцгой бүсэд  нэвтэрсэн хэргээр өөрсдөө асуудалд ороод буцлаа. Сонгуулийн өмнөхөн МАХН-ын дарга Н.Энхбаярын оймсыг дахин гозолзуулж магадгүй гэсэн бор шувуу ч нисч байна.

 

Сонгууль дөхөх тусам улс төр дэх дажин тун ч ширүүсэх шинжтэй дэг ээ.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин