Цөмийн хаягдлыг хадгалахгүй үүрэг хүлээнэ
2016-03-28

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар дөрвөн хуулийн төсөл болон ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх хуулийн төслүүд зөвхөн цөмийн салбартай хамааралтай. Тухайлбал, “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц”-д нэгдэн орохыг төслийг хэлэлцэнэ.

 

Ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц нь 1997 онд батлагдаж, 2001 оноос хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Дэлхийн 71 улс нэгдэн орсон уг конвенцийн гол зарчим нь улс орон бүр өөрийн хаягдлыг өөрөө хариуцах юм. Ингэснээр конвенцид гишүүнээр элссэн орон бусад улсын цөмийн хаягдлыг нутагтаа оруулахгүй, хадгалахгүй байх үүрэг хүлээх юм. Мөн цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдилан сэргийлэх, ослын хор уршгийг арилгахад конвенцийн зорилго оршдог.

 

Энэ удаагийн парламент, Засгийн газар, Ерөнхийлөгч цөмийн хаягдлыг Монголд оруулахгүй, хадгалахгүй байх байр суурьтай байгаа. Тиймээс УИХ өнгөрсөн онд “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” тогтоолыг баталж Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны нэгдсэн конвенц, Цөмийн хаягдлыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийнн протоколд нэгдэн орох талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан байна.

 

Засгийн газар уг асуудлыг дэмжин холбогдох хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсаныг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Манай улсад эмнэлэг, их сургууль зарим компаниуд эрүүл мэнд, судалгаа шинжилгээний чиглэлээр голчлон ашигладаг 300 орчим цацрагийн эх үүсвэр байгаа. Эдгээрийн хаягдлыг Олон улсын жишигт нийцүүлэн аюулгүй болгох үүргийг конвенцид нэгдсэнээр олон улсын өмнө хүлээх юм. Мөн бусад улс манай улсад цөмийн хаягдал оруулахгүй байх талаар олон улсад үүрэг хүлээж, хяналт олон улсын түвшинд гарах ажээ.

 

Цөмийн салбартай холбоотой хуулийн төслүүдийг ээлжит бусаар хэлэлцэхээр болсон нь олны анхаарлыг татаж байгаа. Зарим улс төрийн нам, төрийн бус байгууллага эсэргүүцэн улс төр хийж эхэлсэн байна. Харин тэдний уг үйлдэл  Монгол Улс цөмийн аюулаас хамгаалахад олон улсад үүрэг хүлээхийг эсэргүүцэж байгаагийн илрэл. Цаашлаад цөмийн хаягдал Монголд оруулах, булшлахыг дэмжиж байгаатай агаар нэгэн.

 

Учир нь уг хуулийн төслүүдийг хэлэлцсэн баталснаар цөмийн хаягдлыг оруулахгүй, хадгалахгүй байх үүргийг Монгол Улс олон улсад  хүлээж байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ingej eeljit busaar zaawal shiidekh geed baigaa ni neg l bish ee
2016-03-28