НИТХ-ын сонгуулийн зардлыг зарлалаа
2016-03-28

Нийслэлийн Аудитын газрын дарга Ц.Очирбат өнөөдөр мэдээлэл хийж, ИТХ-ын сонгуулийн ажилд зарцуулах зардлын дээд хэмжээг зарлалаа. 

 

Сонгуулийн тухай хуульд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд зарцуулах зардлын хэмжээг харьяа орон нутгийн аудитын газраас, санал хураалт явуулах өдрөөс 90 хоногийн өмнө тогтооно гэж заасан байдаг тул ийнхүү зарласан юм. 

 

Ц.Очирбат энэ үеэр  "2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг зургадугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар болсон. НИТХ-ын 2016 оны сонгуулийн тойрогт нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг нэг тэрбум 460 сая төгрөг байхаар тогтоосон” гэдгийг мэдээлэв.

 

Үндэсний Аудитын Газраас гаргасан тооцооллын аргачлал болон Нийслэлийн бүртгэл статистикийн газраас гаргасан нийслэлд амьдарч байгаа өрхийн тоо, сонгогчдын тоо, газар нутгийн байршилтай уялдуулж сонгуулийн зардлын хэмжээг тогтоодог аж.

 

Энэ удаагийн сонгуулийн зардлын дээд хэмжээ нь 2012 оныхтой харьцуулахад 2 тэрбумаас 1 тэрбум 460 сая төгрөг болж буурчээ. Харин нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээ 2012 онд 103-141 сая төгрөг байсан бол энэ сонгуулиар 106-189 сая төгрөг байхаар тогтоогоод байгаа юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль нь 100 хувь пропорциональ системээр явах бөгөөд 45 тойргоос 45 төлөөлөгч сонгогдох аж. 2016 оны гуравдугаар сарын нэгний өдрийн байдлаар нийслэл хотод 920,421 сонгогч бүртгэгдээд байгаа юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин