Хэмжил зүйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2016-03-29

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.03.29/ Хэмжил зүйн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өргөн мэдүүлэв. 
 
 
Төрөөс дэвшүүлж байгаа бодлого болон практикт гарч байгаа зарим хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, мөн манай улсын хэмжлийн үнэн зөв байдлыг хангах үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцууллаа. 
 
Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд үндэсний үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор олон улсын хэмжээнд хэмжил зүйн салбарт мөрдөж байгаа нийтлэг зарчим, арга зүйд өөрийн орны хэмжил зүйн хууль тогтоомжийг нийцүүлэх шаардлага нэмэгдэж байна. 
Хэмжил зүйн тухай хуулийн төслийг практик тулгарч байгаа бодит шаардлага, хуулийг хэрэгжүүлж ажилласан туршлага, “MNS OIML D1:2013” үндэсний стандартад үндэслэн боловсруулжээ. Аль ч улс орны хэмжил зүйн хууль тогтоомжийн үндэс нь тухайн улсад хэмжлийн нэгжийн ямар системийг хэрэглэхийг тогтооход орших бөгөөд Монгол Улс дэлхийн 200 орчим улс оронд мөрдөж байгаа Хэмжлийн нэгжийн олон улсын систем (SI)-ийг Сайд нарын зөвлөлийн /хуучин нэрээр/ 1979 оны 414 дүгээр тогтоолоор 1981 оны 1 дүгээр сарын 1-нээс, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 3 дугаар зүйлийн дагуу 1995 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэглэж ирсэн бөгөөд нэгжийн энэхүү системийг цаашид ч үргэлжлүүлэн мөрдөхөөр хуулийн төсөлд тусгасан байна. 
 
 
 
Хэмжил зүйн тухай хуулийн төслийг баталснаар Монгол Улсын хэмжил зүйн бодлого, стратеги, хэмжил зүйн хяналт шалгалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх замаар хэмжил зүйн ажил, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хэрэглэгчдэд хүрэх төрийн үйлчилгээг шуурхай болгох, бизнес эрхлэхэд эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх ач холбогдолтой хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин