Нисгэгчдийн маргаан сүйрэл авчирсан уу
2016-03-30

Ростов хотноо очих байсан“Boeing 737-800” онгоц газардах үедээ осолдсон билээ. Ослын үеэр нисгэгчдийг маргалдсан хэмээн “ВВС”агентлаг мэдээллээ.

 

 

Дубай хотын нисэх буудлаас энэ сарын 19-нд хөөрсөн “Fly Dubai” компанийн “Boeing 737-800” онгоц Оросын Ростов-на-Дон хотноо очих үедээ сүйрсэн билээ. Ослын улмаас багийн долоон гишүүн болон 55 зорчигч бүгд амиа алдсан. Шинжээчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа хэдий ч албан ёсны мэдээлэл хараахан хийгээгүй байна. Хэдий ослын газраас онгоцны хар хайрцагны бичлэгүүдийг олсон ч дэлбэрэлтийн улмаас мэдээллийг тайлах боломжгүй болсон гэдгийг Ростов хотын аврах албанаас мэдээлсэн. Мэдээллийг нь тайлах боломжгүй болоод буй уг хайрцагнуудыг Москва хот руу илгээсэн хэдий ч  үр дүн адилхан байгааг шинжээчид онцолжээ. Олон хүний аминд хүрсэн уг осол террорист халдлагатай холбоогүй гэдгийг Кремль баталсан юм.

 

Шинжилгээгээр санаатай суурилуулсан тэсэлгээний ямар нэгэн бодис, тэсрэх бөмбөг олоогүй байна. Тэгвэл орон нутгийн хэвлэлүүд осолтой холбоотой шинэ таамгийг дэвшүүлж эхэллээ. Ослын шалтгаан нисгэгчдийн маргаан байж магадгүй хэмээн “Коммерсант” сонин мэдээлжээ. Уг мэдээллийг нийтэлсэн сэтгүүлч ОХУ-ын Мөрдөн шалгах хороонд ажилладаг эх сурвалжаасаа уг мэдээллийг авсан болохоо нийтлэлдээ дурьджээ.  Онгоцны бүхээгний хэсэгт байрлах өөрөө бичигч төхөөрөмж дээрх мэдээллийг баталж буй гэнэ.

 

Онгоц нислэгийн зурваст буух нь амжилтгүй болсны дараа ахмад Аристов Сократоус болон хоёрдугаар нисгэгч Алехандро Алава нар хоорондоо маргалдсан байна.  Хоёрдугаар нисгэгч ахмаддаа хандан “Хаашаа нисэх гэж байгаа юм бэ. Зогсооч” хэмээн хашгирчээ. Ахмад хоёрдугаар нисгэгчийг үгийг үл тоон дараагийн оролдлогыг хийсэн боловч онгоц урд хэсгээрээ нислэгийн зурвасыг мөргөж, дэлбэрсэн байна. “Ахмадын үйлдэл осол авчирсан”  хэмээн “Коммерсанть” сонин мэдээлжээ.

 

“Fly Dubai” компанийн гүйцэтгэх захирал Гейт аль Гейт “Ахмад буруутай эсэх нь тодорхойгүй байна. Тэрээр амь насаараа хохирсон гэдгийг бүү март” гэж мэдэгдсэн байна.  Олон нийтийг төөрөгдөлд оруулаад буй уг мэдээллийг шалгахыг Ерөнхийлөгч В.Путин албаны хүмүүст даалгажээ.

 

 

Ростовын захирагч Василийн Голубев хохирогчдын гэр бүлд нэг сая рублийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн билээ. ОХУ-ын Тээврийн яам хохирогч тус бүрт 135.500 рубль, “Fly Dubai” компани 20 мянган ам.долларын нөхөн төлбөр олгохоор болжээ.

 

Нисэх компанийн хэвлэлийн алба “Ажилчидтай холбоотой нууц мэдээллийг задруулах боломжгүй байна. Амнаас ам дамжсан худал мэдээлэл хохирогчдын гэр бүлд хүндээр тусах болно. Уг хэргийг ОХУ-ын Мөрдөх товчоо болон манай байгууллагын ажилчид хамтран мөрдөж байгаа. Тун удахгүй бүх зүйл тодорхой болно” гэж мэдэгдсэн байна.

 

Ахмад Аристов Сократоус нислэгт гарахаасаа өмнө их ядарсан байсан хэмээн нэрээ нууцалсан “Fly Dubai” компанийн ажилтан мэдэгджээ. Тэрбээр “ВВС” агентлагт “Ахмад их ядарсан байсан. Энэ бол баталгаатай үнэн” гэсэн аж. Нэгэн нисгэгч “Нислэг хэдэн ч цаг үргэлжилж болно. Ихэвчлэн шөнийн цагаар нислэгт гарах нь их. Бид 50 хувийн ядралттай байдаг. Гэхдээ нислэгийн үеэр унтах эрх байхгүй. Хэт ядарсан бол хоёрдугаар нисгэгчид жолоог шилжүүлэх эсвэл автомат нислэг дээр тавих боломжтой” гэсэн байна.

 

Европын нисэхийн аюулгүй ажиллагааны агентлаг (EASA) өчигдөр  нисгэгчдийн аюулгүй байдал болон эрүүл мэндийг байнга шалгахыг нислэгийн компаниудад уриалсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин