АХБ: Монголын эдийн засгийн өсөлт 0.1 хувь болон буурна
2016-03-30

Азийн Хөгжлийн Банкны 2016 эдийн засгийн тайлангийн нээлт өнөөдөр боллоо. АХБ-ны Зүүн Азийн Бүс нутгийн захирал Аюуми Кониши, Ахлах эдийн засагч Марк Бэзэмэр, Эдийн засагч Л.Амар нар хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 


 

Монгол Улсын эдийн засгийн өсөлт нь бүс нутаг болон дэлхийн чиг хандлага, уул уурхайн салбарын гарц буурсан зэргээс хамааран 2016 онд 0.1 хувь болон буурч 2017 онд 0.5 хувьтай байна хэмээн таамаглажээ. 

 

Төлбөрийн тэнцлийн даамжирч буй хүндрэлүүд, өрийн менежмент зэргээс болж төсөв, мөнгөний бодлогыг чангатгах шаардлагатай болно. “Төсвийн тууштай бодлого, эдийн засгийг төрөлжүүлэх үр дүнтэй бөгөөд тасралтгүй алхамууд, заавал хэрэгжүүлэх нийгмийн хамгааллын бодлого зэрэг нь Монгол Улсын эдийн засгийн удирдлагын хамгийн том сорилууд байх болно” хэмээн АХБ-ны Зүүн Азийн гарын дарга Аюуми Кониши хэлжээ. 

 

Мөн тэрбээр “Улсын төсвийн алдагдал 2014 онд ДНБ-ний 11.4 хувьтай тэнцэж байсан бол 2015 онд ДНБ-ний 7.9 болж буурсан нь сайн хэрэг, гэхдээ энэ чиглэлээр цааш анхааран ажиллах шаардлагатай” хэмээн тэмдэглэсэн байна. 

 

Азийн Хөгжлийн Банкны тайланд аж үйлдвэржсэн томоохон орнуудын эдийн засгийн сэргэлт сул хэвээр байгаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тодорхой хэмжээгээр буурсан зэргээс хамааран Азийн хөгжиж буй ихэнх орнуудын өсөлт сулрах хандлагатай байна. Иймээс Азийн хөгжиж буй орнуудын 2015, 2016 онуудын эдийн засгийн өсөлт өмнө дэвшүүлсэн таамагт заасан хэмжээнээс доогуур байна хэмээн Азийн Хөгжлийн Банкны шинэ тайланд өгүүлжээ.

 

АХБ-ны “Азийн хөгжлийн төлөв” тайланд тус бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2016, 2017 онуудад 5.7 хувь байна гэжээ. ДНБ-ний өсөлтийн уг үзүүлэлт 2015 онд 5.9 хувь байсан юм.

 

Аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийн өсөлт энэ онд 1.8 хувь байх ч 2017 онд 1.9 хувь болж ялимгүй өснө хэмээн таамагласан байна.

 

Shuud.mn
Сонин хачин