Б.Сарантуяа: Миний хүсэн хүлээсэн бүтээл төрөхгүй байна

МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн өдрийн тоглолтоо хийдэг билээ. Энэ жил ч мөн эл өдөр тоглолтоо хийх аж. Түүнийг “Өртөө” уран сайхны киноны хэвлэлийн хуралд оролцох үеэр нь дараах тодруулгыг авлаа.
-Та Европын орноор тоглолтоор яваад ирсэн. Явсан газрын сонин юу байна?
-Швейцарийн Женев, Туркийн Стамбул, Францийн Рэнн, Норвегийн Осло, Австрийн Вена, Бельгийн Антверпен хотод тоглоод ирлээ. Би харь оронд ажиллаж амьдарч буй Монголчуудынхаа гэрээ санасан, нутгаа санасан сэтгэлийг л нимгэлэхийг хүсдэг. Өөрөөр ашиг олох гэж, мөнгөжих гэж тоглолт хийдэггүй гэж хэлж болно. Сүүлийн тоглолтод хүү маань тонн мистер хийж, охин маань бүжиглэсэн. Хүүхдүүдтэйгээ хамтдаа тоглоход үнэхээр сайхан байлаа. Тоглолтынхоо орлогоос дэлхийн найрал дууны санд хандив өргөж, Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эхчүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх төвийг тохижуулахад зориулсан.
-“Өртөө” уран сайхны киноны дууг дуулжээ?
-Сүүлийн хэдэн сар хуучин дуунуудаа сэргээн, шинээр дуулж байлаа. Энэ хугацаанд шинэ уран бүтээл хийхийг ямагт хүсч байсан. Харамсалтай нь яг миний хүсэн хүлээсэн, гал цогтой бүтээл төрөхгүй байгааг хэлэх нь зөв байх. Хөгжмийн зохиолч, ая зохиогч, шүлэгч найрагч нартаа хандаж “Намайг хурцлаад өгөх сайхан бүтээл туурвибал би дуулахад бэлэн” гэдгээ хэлмээр байна. Яг үнэндээ мэргэжлийн, далайцтай дуу хүлээж байна. Сүүлийн үед залуу ая зохиогч Мөнх-Ертөнцтэй хамтран ажиллаж байна. Тун удахгүй нээлтээ хийх Өртөө киноны “Алсад ойрхон” гэх шинэ уран бүтээлийг дууллаа. Энэ дуу миний хувьд дурлаж дуулсан цөөхөн дууны нэг байсан. Одоогоос хэдэн жилийн өмнө “Тэр намайг дурсдаг болов уу” дууг үнэхээр хүсч, дурлаж дуулсан.
-Энэ удаагийн төрсөн өдрийн тоглолтын онцлог юу байх вэ?
-Шинэ бүтээл хэд хэдийг хийсэн нь төрсөн өдрийн тоглолтын маань бэлэг болж, фэнүүдэд хүрнэ. Миний хувьд энэ жил урлагийн тайзнаа дуулсны 30 жилийн ой тохиож байна. Мөн Өөжгий бид хоёрын хамтын бүтээл “Хайрын бурхан” дууны 20 жилийн ой тохиож байгаа. Тиймээс гитарчин Өөжгий /гоцлол гитарчин Д.Өлзий-Орших/-г урьж оролцуулна. Энэ мэтчилэн сюрприз олонтой тоглолт хүлээж байгааг дуулгая. Өнгөрсөн жил төрсөн өдрөөрөө “Сэхүүн салхи” концертыг тоглож, аав ээжийн сэдэвт дуугаа олон нийтийн хүртээл болгосон. Харин энэ жил Улсын филармонийн цөөхүүл оркестр, ардын хөгжимтэй дуулж, амьд тоглолт хийхээр төлөвлөж байна.
-Хэдэн өдөр тоглохоор төлөвлөж байна?
-Энэ сарын 19,20-ны өдрийн 19.00 цагт “Соёлын төв өргөө”-нд тоглоно. Хоёр өдрийн турш сонсогч, фенүүдтэйгээ уулзахаар бэлтгэж байгаа.
-Таныг дурсамж номоо бүтээж байгаа гэж сонссон?
-Тийм ээ. Энэ номыг нэлээд хэдэн жилийн өмнө бүтээхээр эхлүүлсэн ч хэвлүүлэлгүй орхисон. Би урлагтай 16 настайгаасаа амьдралаа холбосон учраас миний амьдрал бол Монголын рок попын ертөнцийн түүх байх болно. Нөгөөтэйгүүр би хаалттай хүн биш. Миний туулсан алдааг өөр бусад нь тойроосой, тулаад ирсэн бол надаас эрч хүч аваасай гэдэг үүднээс өөрийн амьдралын алдаа, оноог бас оруулж байгаа.
-Зохиогч нь хэн бэ?
-Зохиолчоо олох гэж нэлээн будилсан. Тэгээд намайг хамгийн сайн мэдэх найз Р.Эмүжин маань бичихээр болсон. Гэхдээ одоо болтол би нэг ч уншаагүй. Эмүжин ч надтай биш найз нөхөд, ах дүү, хамаатан садан, шавь нартай маань уулзаад яваад байгаа. Сайхан ном гарна гэж хүлээж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ