Тосон Бумбын нурууг тусгай хамгаалалтад авах төслийг хэлэлцэхийг дэмжив
2016-04-06

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Органик хүнсний  хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Тариа ногоо тариалж, жимс жимсгэнэ ургуулж байгаа хүмүүс органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэж ойлгож болно. Малаа өсгөж үржүүлэхэд, ногоогоо тарихдаа химийн бүтээгдэхүүн хэрэглээгүй байж. Гэтэл үндсэн орд ашиглахад цианит, натри ашиглаад байна. Энэ уснаас мал амьтан ууж, ногоогоо услаад байгаа. Үүнийг яаж зогсоох вэ” хэмээв. Дэлхий дахинд органик хүнс нь нийт хүнснийхээ 3 хувьд хүрдэггүй байна. Хамгийн өндөр хөгжилтэй оронд нийт үйлдвэрлэж байгаа хүнсний 6 хувьд хүрдэг аж. Харин манай улсын хувьд органик хүнсээрээ тэргүүлэх боломж байгаа юм байна. Уул уурхайгаас 10 км-ын зайд байгаа аж ахуйн нэгж органик тариаланг тариалж болох аж. Органик хүнс бэлтгэхийн тулд органик аж ахуй эрхлэх гэж байгаа урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авах хэрэгтэй юм байна.

 

Ийнхүү гишүүд Органик хүнсний тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгээд чуулганы хуралдаанд шилжүүллээ.

Дараагаар нь  “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад  авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг нэр бүхий 9 гишүүн санаачлан боловсруулсан юм.  Дээрхи газрыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулсанаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 896 527,44 га-р буюу  Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь 0.4 хувиар нэмэгдэх аж.

 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нуруу нь аймгийн төв Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн  хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог.

 

Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн  нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний онцгой амьдрах орчин болж буйгаараа чухал ач холбогдолтой юм.

 

Тост, Тосонбумбын нурууг хамгаалалтад авах бас нэгэн үндэслэл нь байршил нутгийн хувьд бага хэмжээтэй хамгаалагдаж буй ховор, ховордсон төрөл, зүйл болох цоохор ирвэсийг хамгаалах, судлах, идэш тэжээлийн холбоотой бусад амьтдыг хамгаалах, судлах, тогтвортой өсгөх, тархац нутаг, амьдрах орчныг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.  Цоохор ирвэс  нь байгаль хамгааллын хувьд олон нийтийн анхаарлыг татсан, экосистемийн шүхэр зүйлийн нэг гэдгийг Дэлхий дахинаар хүлээн зөвшөөрдөг.  Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд Цоохор ирвэс тоо толгойн хувьд  хамгийн өндөр  нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг тул энэхүү нэн ховор чухал амьтны генийн санг хадгалах, хэвийн тогтвортой идээшин амьдрах нөхцлийг хангахад чухал ач холбогдолтой аж.

Байнгын хорооны гишүүд дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин