Түр сууц ашиглалтад оржээ
2016-04-12

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан өнөөдөр Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.


Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотыг 8 дэд төвтэй байхаар төлөвлөсөн бөгөөд Баянхошуу, Долоон буудал орчим эхний ээлжийн дэд төвүүдийг байгуулахаар нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Долоон буудал орчим буюу Чингэлтэй дүүргийн 14,18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны 156 га талбайг дахин төлөвлөж Сэлбэ дэд төв, СХД-ийн 7,8,9,10,28 дугаар хорооны нийт 162 га талбайг дахин төлөвлөн Баянхошуу дэд төв болгон хөгжүүлнэ.

Хотын дэд төвүүдэд сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, худалдаа үйлчилгээний цогцолбор, соёлын төв зэргийг цогцоор нь барихаас гадна, автозам, явган зам, тохижилт, гэрэлтүүлэг, ногоон байгууламж барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөөг баталсан. Мөн Засгийн газрын хуралдаанаар эхний ээлжийн 104,5 сая доллартай тэнцэх санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, 2014 оноос бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.



Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14-р хороо болон  Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд  иргэдийг түр суурьшуулах зориулалттай 50 айлын 2 орон сууцыг нийслэлийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан байна. Дэд төвийн бүтээн байгуулалт эхлэх үед газраа чөлөөлсөн иргэдийг  энэ орон сууцад түр суурьшуулах бөгөөд дэд төвийн бүтээн байгуулалт бүрэн дууссаны дараа ахмадын түрээсийн орон сууцны зориулалтаар ашиглана гэдгийг хотын дарга тодотгож байлаа.



Төслийн нэгж талбарт багтсан иргэдтэй тохиролцож газраа чөлөөлүүлж чадвал энэ жилээс эхний бүтээн байгуулалтын ажлаа эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.



Төсөл хэрэгжүүлэгчид Баянхошуу, Сэлбэ дэд төвийн төсөл хэрэгжих нэгж талбарт оршин сууж байгаа иргэдтэй нэг бүрчлэн уулзаж, санал солилцож байгаа бөгөөд газраа шууд орон сууцаар солих, эсвэл тодорхой хэмжээний үнээр зарах гэх мэт олон санал гарч байгааг нийслэлийн Засаг даргад уламжлав.


Нийслэлийн Засаг дарга, “Ямар ч нөхцөл байдал үүссэн хотын дэд төв байгуулах энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх нь маш чухал. Цаашдаа нийслэл хотод төдийгүй Монгол Улсад эдийн засгийн маш том үр өгөөжөө өгөх энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал гэр хорооллын иргэдэд хотын дэд бүтэц, нийгмийн үйлчилгээг ойртуулж,  иргэд эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах таатай орчин бүрдэнэ” гэдгийг онцоллоо. Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь 2020 он гэхэд бүрэн хэрэгжинэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин