Алдарт хөгжимчин Жэссэ Дэивисийн тухай
2016-04-12

 

Орчин үеийн жазз хөгжмийн гайхамшигт нэгэн төлөөлөл болох алто саксофонч Жэссэ Дэивис нь 1965 онд АНУ-ын Луизианна мужын Нью Орлиэнс хотод төржээ. Тэрээр агуу жазз төгөлдөр хуурч Эллис Марсалистай Нью Орлиэнсийн Бүтээлч Урлагийн Төвд хамт суралцаж байжээ.

 

11 настай байхад нь түүний ах, гарамгай аргил бүрээч (tuba) Рожэр түүнд анхны саксофоныг нь бэлэглэж, хэрхэн тоглохыг зааж өгснөөр Жэссэгийн хөгжмийн гайхалтай авьяас тодорсон байна. Эллис Марсалис түүнд маш их урам зоригийг өгч чадсанаар тэрээр, Зүүн хойд Иллинои-ийн Их Сургуульд хөгжмийн ангийн оюутан болж, бүрэн тэтгэлэгтэйгээр суралцжээ. Дараа нь, Нью Жэрси дэх Уиллиам Паттэрсоны Коллеж, мөн Нью Иоркийн Нью Скүүлд тус тус суралцсанаар жазз болон орчин үеийн хөгжмийн хөтөлбөрт хувь нэмрээ оруулах болжээ. Америкийн жазз түүхч, сэтгүүл Аирэ Гитлэрийн хэлснээр, Жэссэ сургуульдаа бусдаасаа илт онцгойрч чадсан оюутан байсан гэдэг.  Суралцаж байх хугацаандаа тэр, Нотрэ Даамын, Вичита мужын, Нью Иоркийн, Өмнөд, мөн Лоёолагийн зэрэг их сургуулиудын жазз фестивальд оролцон “Гарамгай гоцлол хөгжимчин” шагналыг байнга авч байжээ. 1989 онд Филадэлфиад болсон “Даунь Бийт Хөгжмийн Наадам”- аас хамгийн нэр хүндтэй шагнал болох “Шилдэг хөгжимчин” шагналын авсан байна.

 

Найрал хөгжмийн хөгжимчнийхөө хувьд , Жэфф Мэкдафф, Мэижор Холлэи,Сэсэл Пэинь, Иллинои Жакэ, Жэи Мэкшэнн, Чико Хэмилтонь, Жүниор Мэйнс, Кэнни Бэррон, Тэтэ Монтолиу, Сэдар Уолтонь, Бэнни Гоолсонь, Таанаа-Рэид, Ньюпортын бүх одод, Рои Хааргрөүв, Маарлбооро Сүпэр-бээнд, Мийлт Жэксонь, Хээнк Жөүнс, Уинтонь Марсалис гээд жаззын шилдэг уран бүтээлчидтэй хамтран тоглосон нь түүнд асар их туршлага болж өгсөн юм.

 

1993 онд, тэрээр өөрийн дөрвөл хөгжмийн хамтлагтайгаа Европоор аялан тоглолт хийсэн байна. Испани, Франц, Итали болон Нэгдсэн Вант Улсуудад 50 гаруй тоглогдсон тоглолтууд нь судлаач, шүүмжлэгчдээс асар өндөр үнэлгээ авсан байдаг. Тийнхүү 1994,1995 онуудад дахин Европ даяар аялан тоглолтоо хийжээ. 1996 оны 6дугаар сард, Европт “Саакс Машин” багийн бүрэлдэхүүн болсон алдарт саксофонч Филл Вүүдс, Чарлэз Макфэрсонь, Гээри Баартз нартай аялан тоглолтоо хийсэн байна.

 

1994-1997 онд найз Николас Пэитоньтой гар нийлэн, уран бүтээлийн олз омог арвинтай хамтран ажиллаж байхдаа, 1996 онд “Гаамбо Ньювөү” (Gumbo Nouveau) цомгийг Вээрв Рэкордст бичүүлсэн байна. Энэ цомог нь 1920-30 оны Нью Орлиэнсийн сонгодог жазз аялгуунуудыг орчин үеийн жазз хөгжимчдийн өнгө аясаар тоглосноороо онцлог бүтээл болсон.

 

 

 

10 гаруй жил Нью Иоркод амьдарсан Жэссэ 1996 онд Нью Орлианст буцаж ирэв. Энэ ондоо алдарт найруулагч Робэрт Оолтмэний “Канзас хот” кинонд, сонгодог алто саксофонч Өөрль Уоррэний дүрийг бүтээсэн нь түүний хувьд анхных байв. 1998 оны хавар Нью Орлиэнст амьдардаг хөгжимчдөөс бүрдсэн “Луизианна Би Боп” дөрвөлөө удирдан Европоор дахин аялан тоглолтоо хийсэн байна. Жэссэ, 1999, 2001, мөн Нормэн Грэнзийн дурсгалд зориулсан 2003 оны “Филармони дахь Жаззыг эргэн дурсах” аялан тоглолтуудын жинхэнэ бүрэлдэхүүнд оролцон тоглож байв.

 

2004 оноос хойш Жэссэ Италид амьдрах болсон байна. Тэрээр Европын жаззын тайзны идэвхтэй уран бүтээлчдийн нэг байсаар байгаа бөгөөд Элвинь Күинсийн сүүлд байгуулсан хамтлагтай бичлэгт орж,  аялан тоглолт хийх болсон байна.

 

2005 оноос хойш, Жэссэ “Чаарли Пааркэрийн Үе Залгамж Хамтлаг” хэмээх зөвхөн Чаарли Пааркэрийн зохиолыг тоглох шинэ төсөлд хөгжмийн найруулга бичих болжээ. Хамтлаг, 2005 оны зун Европоор аялан тоглолтоо маш амжилттай хийсэн байна.. 2005 оны 8дугаар сард Жэссэ, Фийл Вүүд болон түүний чавхдаст хөгжмийн хамтлагтай “Бөөрд вид стрин” шоу тоглолтын онцгой зочноор уригдан тоглосон байна.

 

 

Жэссэг, “Хоорнь оф пашинь” (1991), “Эз ви спийк” (1992), “Яан эт аарт” (1993), “Хаи стэндардс”(1994), “Фром виднь” (1996), “Фөөрст инсаит” (1998) болон “Сээконд нэичэ” (2000) зэрэг гайхамшигт цомгуудыг гаргасныг нь үнэлэн 2001 онд Онцгой уран бүтээлчээр шалгаруулсан байна. 2004 онд тэрээр “Дэ сээтап” цомгоо бичүүлжээ. Тэр, Чаарли Пааркэр, Кэннонбоол Эддэрли болон Сонни Ститт нарын эн тэнцүү нөлөөгөөр бий болгосон өөрийн төгс төгөлдөр ур чадвар, мөн байгалиас заяасан хосгүй нарийн мэдрэмжээ тоглолт бүртээ шингээн тоглодог билээ. Түүний хөгжмийн чиг хандлагыг нео-боп гэж тодорхойлж болох ч түүний өөрийн хэлснээр “... Би сайхан хөгжим л тоглохыг хүсдэг.” Тийм ээ, тэр тэгж чаддаг, бүхий л сэтгэл зүрхнээсээ!

...
Shuud.mn
Сонин хачин