НҮБ малчдад 2.4 сая ам.долларын тусламж илгээлээ
2016-04-12

Монгол дахь НҮБ “Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын нэгдсэн сангаас 2.4 сая ам.доллар гаргаж, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан хүнс, хоол тэжээл, ариун цэвэр эрүүл ахуйн багц зэргийг багтаасан тусламжийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөв.

 

Тусламжийн багцыг ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авлаа.

 

Өнгөрсөн 12 сараас хойш улсын хэмжээнд нийт малчин өрхийн 41 хувь нь зуданд өртөж, өвлийг зутруухан давсан билээ. Үүнээс 100-аас доош тооны малтай 11 800 өрхийн байдал хүнд хэвээр байна. Тиймээс хаваржилт хүндэрсэн Увс, Баянхонгор, Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн 45 суманд амьдарч байгаа 1800 гаруй хүүхэд, 900 гаруй жирэмсэн болон хөхүүл эхэд НҮБ-ын дээрх тусламжийг хүргэх аж.

 

 

НҮБ-ын Хүүхдийн сангаас Эрүүл мэнд, спортын яам, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран хаваржилт хүндэрсэн дээрх сумдад байгаа 6-59 сартай хүүхдүүд болон жирэмсэн, хөхүүл эхэд зориулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг хүргүүлж байгаа юм. Энэхүү бэлдмэл нь 10 төрлийн амин дэм, 5 төрлийн эрдэс бодис агуулсан байдаг бөгөөд хоол тэжээлийн дуталд орохоос урьдчилан сэргийлнэ. Түүнчлэн дээрх сумдын өрхүүдэд хоол тэжээлийн хурц дутал илрүүлэх үзлэг явуулж, 2-оос доош настай хүүхэдтэй эцэг эх болох жирэмсэн, хөхүүл эхтэй айл өрхүүдэд хоол тэжээлийн зөвлөгөө өгөх аж.

 

НҮБ-ын Хүн амын сангаас дээрх сумдад байгаа эмэгтэйчүүд, охидод зориулан 7962 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг (нэг өрхөд дунджаар 2 багц) хүргүүлж байна. Уг багцанд ариун цэврийн хэрэглэл, дотуур хувцас, оймс, хувцас, гар нүүрийн саван, нүүр гарын алчуур зэргээс гадна шүгэл, зайтай гар чийдэн зэрэг хамгаалах хэрэгслүүд  багтжээ.

Shuud.mn
Сонин хачин