Н.Ганболд: Эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарсан

АТГ-ын дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өчигдөр Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Түүний хүсэлтийг одоо Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариултаа авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Дараагийн хүнийг хэзээ оруулж ирэх вэ? Удаамааргүй байна. Өргөдөл өгсөн хүнийг чөлөөлөөд зөрүүлээд ажил авах хүнийг томилох ёстой. Хүчний хүнд хүчир ажил хийдэг хүмүүсийн томилгоог хоног алдаж болохгүй. Одоо хэрүүлтэй, хэрэг шалгаж, өдөр шөнөгүй улс төрийн дайрлага явж байгаа энэ үед эзэнгүйдүүлээд хаячихвал хэцүү байна. 2008 оны сонгуулийн өмнө цагдаагийн даргыг солиод, даргагүй сонгуульд ороод юу болсон билээ. Ийм зүйлийг төр мартах ёсгүй" гэв.
АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилдог. Харин Н.Ганболд томилгоот хугацаанаасаа өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй юм. Тэрбээр ажлаас чөлөөлөгдөх шалтгаанаа "Ямар нэгэн албан тушаалын наймаа байхгүй. Тэтгэврийн насанд хүрсэн учир хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаа. Хугацаа дуусахаас өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гол шалтгаан бол эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарсан" хэмээн тайлбарлалаа.
Байнгын хорооны гишүүдийн олонх нь Н.Ганболдыг АТГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ