Н.Ганболдыг АТГ-ын даргаас чөлөөлөхийг дэмжлээ
2016-04-13

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

 

Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр АТГ-ын дарга Н.Ганболд нь үүрэгт ажлаасаа хувийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр хандсан болохыг танилцуулсан. Үүний дараа  гишүүдийн асуултад хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Дараагийн хүнийг хэзээ томилох вэ. Хууль зүйн энэ чухал салбарыг эзэнгүйдүүлж болохгүй. Уг нь шинэ даргын томилгоог давхар оруулж ирэх ёстой.

 

Ерөнхийлөгчийн хуулийн  зөвлөх Ч.Өнөрбаяр:

-Дараагийн хүнийг хэзээ томилохыг одоо хэлэх бололцоогүй байна. Саналыг тань Ерөнхийлөгчид уламжилья.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-АТГ-ын даргыг шууд чөлөөлж болохгүй. АТГ-ын дарга бол гүйцэтгэх ажиллагааны хяналтын төв нь байдаг. Дэд дарга орлоно гэвэл гүйцэтгэх ажиллагааг хяналтгүй явуулах нөхцөл үүсэх нь. Иймээс чөлөөлөх томилох асуудлыг зэрэг хэлэлцэх хэрэгтэй. Хуулиндаа 21 хоногийн дотор чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр заасан. Иймд энэ асуудлыг түр хойшлуулья.

 

 Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат:

-УИХ-ын харьяаны байгууллагын удирдлага өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тохиолдолд байнгын хороо 7 хоногийн дотор асуудлыг шийднэ. Энэ  хуулийнхаа хүрээнд асуудлыг хэлэлцэж байгаа.

 

Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

-АТГ-ын дарга ажлаа өгснөөр дэд дарга хяналтгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулна гэсэн үг биш. Түр хугацаанд орлох эрхийг хуулиндаа тусгасан.

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Яагаад хугацаанаасаа өмнө буюу нэг жилийн өмнө ажлаа өгч байна вэ. Үүнд  хөндлөнгийн нөлөө оров уу?

 

АТГ-ын дарга Н.Ганболд:

-Би тэтгэврийн насанд хүрсэн. Тиймээс  ажлаасаа чөлөөлөгдөж, тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байна.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Энэ хүн  хууль хүчний салбарт олон жил ажилласан мэргэшсэн албан хаагч. Мөн хувь хүнийхээ хувьд зөөлөн зан чанартай, асуудлыг нухацтай авч үздэг. Тухайн асуудлын цаана юу байна вэ гэдгийг олж хардаг. Ийм хүн тус салбарт олон байх тусмаа хэлмэгдүүлэлт явуулдаггүй сайн талтай. Ингээд өөрийн хүсэлтээр ажлаа нэр төртэй хүлээлгэн өгч байгаад баяр хүргэе. Шинээр томилогдох хүндээ салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийг сайн ойлгуулж зөвлөөрөй.

 

АТГ-ын дарга  Н.Ганболд:

-Шинээр томилогдсон хүндээ салбарын өмнө тулгарч буй хүндрэлтэй асуудлын талаар хэлж зөвлөх болно. Байнгын хороонд хувийг нь хүргүүлнэ. УИХ-аас авлигатай тэмцэх чиглэлийн сайн хуулиудын батлан гаргасан. Хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломж бий. Харин улс орны эдийн засгийн хүндрэлээс 2012, 2013 онд албан хаагчдын цалинг бууруулсан. Энэ тал дээр цаашид анхаарна биз.

 

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад 69.2 хувь нь Н.Ганболыг  үүрэгт ажлаасаа  чөлөөлөгдөх  дэмжлээ.

 

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин