З.Энхболд авлигатай тэмцэх хүсэлгүй байна

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Т.Хасбаатар, Д.Цэрэнжав нар оролцов.
Тэд өнгөрсөн хугацаанд УИХ-ын зарим гишүүд, АТГ хэнээс ч хараат бус ажиллах нөхцөлийг дордуулж болзошгүй хууль тогтоомжийг гэнэт санаачилж, шийдвэр гаргуулахыг оролдож байсан талаар мэдээллэв. Энэ талаар Олон нийтийн зөвлөлийн гишүүн Т.Хасбаатар “Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой байж болох авлигийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эрхэм гишүүд саатуулж, зогсоох оролдлого хийж байгааг 2 хоногийн өмнө болсон үйл явдал илтгэх шиг боллоо. УИХ-ын гишүүд халдашгүй дархан эрхээрээ далайлган ээлж дарааллан ирж АТГ, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх гэж оролдож байсан. Энэ бол бусармаг үйлдэл” хэмээв.
Мөн тэрбээр “Улстөрчид авлигын хэрэгт холбогдсон бол шууд шалгуулж, нэрээ цэвэрлэж яагаад чадахгүй байна вэ. Энэ бол авлигатай тэмцэх хүсэлгүйн илрэл. Авлигатай тэмцэх хүсэлгүй УИХ-ын гишүүдийг би зориудаар нэрлэмээр байна. Тэд бол З.Энхболд, М.Энхболд, Г.Батхүү, С.Баярцогт, Сү.Батболд тэргүүтэй гишүүд” гэсэн юм.
Тэд Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу, сонгууль хүртэлх хугацаанд Авлигын эсрэг үйл ажиллагаанд хамаарах аливаа хууль, эрх зүйн акт, баримт бичиг батлан гаргах, өөрчлөх асуудалд нэн хянамгай хандах, хэрвээ тийм төсөл, өөрчлөлтийг төлөвлөж боловсруулж байгаа бол иргэд, олон нийт, судлаачдын оролцоог хангахыг уриалав.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ