Хан-Уулд дахин шинэ сургууль, цэцэрлэг нээгдлээ
2016-04-14

Хан-Уул дүүрэгт 2015 онд 5 цэцэрлэг, 1 бага сургууль шинээр ашиглалтад орж, 1500 гаруй хүүхэд багачууд өнгөрсөн онд шинэ цэцэрлэг, сургуульд хамрагдсан байдаг. Тэгвэл энэ онд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн хэсэгт 135 дугаар бага сургууль, 219 дүгээр цэцэрлэг өнгөрсөн 3 дугаар сараас хүүхэд багачуудаа хүлээн авч эхэлсэн бөгөөд өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.

 

 

Нээлтэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, С.Баасандолгор, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, ЭМТ-ийн дарга Т.Пүрэвчулуун болон бусад албаны хүмүүс, багш, эцэг эхчүүд оролцлоо.

 

Тус бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга, гадна шугам сүлжээний ажлыг "Цогчин констракшн” ХХК 2.9 тэрбум төгрөгийн төсөвт хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан байна.

 

135 дугаар бага сургууль нь 6 бүлэгтэй 115 сурагчидтай, 24 багш, ажилчид ажиллаж байгаа бол 219 дүгээр цэцэрлэг 120 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 26 багш, ажилтантай 5 бүлэг 112 хүүхэд сурч хүмүүжиж байна.

 

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт сургалтын таатай орчинг бүрдүүлэх зорилгоор гал тогооны тоног төхөөрөмж, хатуу, зөөлөн эдлэл, тоглоом зэргийг бүрдүүлэхэд БСШУЯ-аас 40.6 сая төгрөг, Хан-Уул дүүргийн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрөөс 37.2 сая төгрөг, хамтран ажилладаг байгууллага, эцэг эхчүүдийн дэмжлэг, төсөл хөтөлбөрөөс 16.6 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

 

Дүүргийн 10 дугаар хорооны Морингийн хэсэгт өмнө нь гэр цэцэрлэг ажиллаж 30 хүүхэд хүлээн авч байсан бөгөөд бага ангийн хүүхдүүд 4 орчим км явж Буянт-Ухаа цогцолбор сургуульд суралцдаг байсан бол одоо  хүүхдүүд гэрийнхээ ойр сургуульд хамрагдах боломжтой боллоо.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
үнэхээр сайн мэдээ байна даа
2016-04-14