Ц.Тэмүүлэн: Хамгийн сайхан нь дурсамж энд байна
2016-04-15

A sound” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Тэмүүлэнтэй уран бүтээлийн х нь талаар цөөн хором ярилцлаа.

 

 

-Европын орноор аялан тоглоод иржээ. Явсан газрын сонин юу байна?

-Бид өнгөрсөн хоёрдугаар энэ сарын 17-нд Берлин хотыг зорьсон. Нийтдээ Европын 10 улсын 15 хотод тоглоод ирлээ. Тухайлбал, Герман, Прага, Чех, Ческа Липа, Варшав, Польш, Будапештад тоглолоо. Үргэлжлүүлэн Унгар, Вена, Австри, Штутгарт, Герман, Антверпен, Бельги, Парис, Франц, Сан Себастьян, Испани, Женев, Швейцарь, Цюрих, Базель, Гётебург, Швед, Стокгольм, Шведэд сарын турш аялан тоглолт хийгээд саяхан ирээд байна. Явсан газрын сонин гэвэл хилийн цаана амьдарч байгаа Монголчууд маань эх орон, элгэн түмнээ үнэхээр их санадаг нь мэдрэгдэж байлаа.

 

-Эх орноо санасан хүмүүс хамгийн гоёор хүлээж авдаг болов уу гэж би боддог.

-Биднийг Монголчууд маань бодож байснаас ч илүү, үнэхээр гоё хүлээж авсан. Ихэнх нь залуус, бидний дууг ч бараг бүгд мэдэж байсан. Биднийг үзэж байгаа үзэгчид маань маш өндөр сэтгэл хөдлөлтэй, энд байгаа Монголчуудтайгаа харьцуулахад үнэхээр өөр байсан. Манайхан тоглолт үзэхээрээ сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй, ихэвчлэн суудал дээрээ л сууж байдаг. Харин Испани, Женев, Шведэд суугаа Монголчууд үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан сэтгэгдэл төрүүлсэн.

 

-Реппер Цэцэ “Миний CD, “A sound” шиг их ашиг олоогүй” гээд дуулаад байдаг. Тэгэхээр өөртэй чинь уулзвал анхны цомгийн тань талаар асууя гэж бодож байлаа.

-“Release” хэмээх анхны цомгоо бараг  жил зүтгэж байж гаргаж байсан. Цомгийн маань ажилд “River Sounds” болон “Hi Fi Label”, “440 Герц” студийнхэн хамтарч ажилласан. Цомгийн  онцлог гэвэл дөрвөн англи, таван монгол дуутай гарч байлаа. Олон  төрлийн хөгжмийг багтаасан, альтернатив чиглэлийн дуунууд орж байсан юм. Тэр нь ч үзэгчдэд их таалагдсан нь бидний хувьд юутай ч харьцуулашгүй сайхан зүйл байсан даа.

 

-Анх бааранд дуулж мөнгө олох л гэж хамтлаг байгуулсан гэдэг?

-Анх намайг Мөнхболд дуудсан л даа. Бид хоёр танилууд байсан. Тэр үед ч би “1060” гэдэг хамтлагт дуулдаг байлаа. Мөнхболд чи бааранд цуг дуулах уу, тэгнэ гэвэл бид нэг хамтлаг бүрдүүлэх гэж байгаа юмаа. Ирээд шалгуулчих гэсэн. Би ч шууд л тэгье гээд зөвшөөрч байлаа. Хамтлагаа байгуулаад 13-р хороололд байдаг нэг “Pub”-д тухайн үед бидэнд бэлтгэл хийх газар байхгүй учраас өдөр нь тэнд бэлтгэлээ хийгээд орой нь тоглодог байсан.

 

-Тэр үед өнөөдрийн энэ амжилтад хүрнэ гэж төсөөлж байв уу?

-Анх байгуулагдаж байхдаа зүгээр л баранд дуулж, мөнгө олъё гэсэн зорилготойгоор хөгжим тоглож эхэлсэн шүү дээ. Тэрнээс биш Монголын урлагийн ертөнцийн хаалгыг томоос том онгойлгож ороод, өөрсдийгөө мандуулъя гэх том зорилго өвөртлөж байгаагүй. Эхлээд бид хамтлагаараа нэг дуу бичүүлж үзсэн. Тэгтэл өнөөх нь хүмүүст их таалагдсан. Дараа нь цомог гаргаж үзлээ, бүр их таалагдсан. Төсөөлж байснаасаа ч илүү зүйлийг мэдрэх болсон учраас бид өнөөдрийн карьертаа сэтгэл тун хангалуун байна.

 

-“A Sound” гэдэг нэрний тухайд?

-Нэрээ өгье гээд дор бүрнээ бодсон ч үнэхээр хэцүү юм билээ. Тэгсэн анх санааг төгөлдөр хуурч Пүрэвсүх гаргаж байсан юм. Тэгээд бүгд дэмжээд л зөвшөөрсөн. Одоогоос 9 жилийн өмнө анх байгуулагдаж байсан юм. Надаас бусад нь нэгнийгээ таньдаг. Багаасаа бүгд хөгжим тоглодог, бас өөр хамтлагт хөгжим тоглоцгоодог. Тэгээд  шинэ хамтлаг байгуулья гээд нэгдчихсэн, дуучингаа шалгаруулж байсан юм билээ. Тэгээд би очиж шалгуулж тэнцээд “A Sound” хамтлаг анх үүссэн түүхтэй.  

 

 

-Англи дууныхаа үгийг та өөрөө зохиодог гэсэн үү?

-“Forever” дууг би анх зохиож байсан. Энэ дуу, энэ дууны үгийг хаа нэг газраас л надад энийг дуул гээд явуулсан шиг гэнэтийн санагддаг. Ер нь англи дууны үг зохиохдоо эхлээд сэдвээ олчих юм бол амархан санагддаг юм. Хамгийн анх “Forever” дууны үгээ зохиох гээд аяа сонсож байхад эхний 4 мөр нь шууд ороод ирсэн. Тэгээд л цааш нь зохиож байсан даа. Багаасаа Монгол дуу сонсдоггүй байсан учраас Англи хэл дээр шүлэг зохиох нь илүү амар ч юм шиг надад санагддаг. Монгол хэл дээр шүлэг зохиож үзье гэхээр ерөөсөө надад төсөөлөгддөггүй юм аа.

 

-“Тамхиа асааж, гунигаа үлээгээд Танайх руу би явж байна...” гээд л танай хамтлагийн дууны үг содон шүү?

-Хамтлагийн дууны Монгол үгийг басс гитарчин Мөнхболд бичдэг. Миний хувьд Монголоор шүлэг бичиж үзээгүй. “Шал дэмий” дууны хувьд би ерөөсөө мэдэхгүй. Бүр хамтлаг бий болохоос өмнө Мөнхболд биччихсэн байсан юм билээ. Хамгийн сонирхолтой нь Мөнхболд өмнө нь шүлэг зохиодоггүй байсан. Ганцхан “Шал дэмий”-г  бичсэн байж билээ. Дуу хийх сэдэл төрөхөөр мэдээж шүлэг хэрэгтэй болсон л доо. Тэгээд бид бараг л хүчээр чамаас өөр шүлэг бичих хүн байхгүй гээд бичүүлдэг байлаа. Мөнхболд цаас харандаа барьж сууж байгаад ямар ч байсан дуусгачихдаг л байсан.

 

-Та чинь эмч мэргэжилтэй байхаа?

-Эмч мэргэжил сонгоход аав ээж маань мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Гэхдээ бараг өөрөө сонирхоод л орчихсон. Хамтлагийн хэтийн зорилго мэдээж сайн сайхан байгаа учраас эмч мэргэжлээрээ ажиллах бодол одоохондоо алга л байна. Тиймээс би эмч хүний хувьд буяны тоглолт хийгээд эрүүл мэндийн салбарыг дэмжихийг хүсдэг. Би угаасаа хөгжимд дуртай байсан л даа. Гэхдээ хүмүүсийн өмнө дуулж чаддаггүй, их ичимхий хүүхэд байсан шүү. Нууцаар шахуу ганцаараа л байх үедээ дуулдаг байсан. Тэгээд их сургуульд ороод гуравдугаар курст байхдаа гитар тоглож сурсан. Гитар тоглохоор яах ч аргагүй цаанаасаа дуулаад л, тэгээд л ер нь амьд хөгжимд дуртай болсон.

 

-Амьд хөгжмийн хамтлагийнхан их даруухан хүмүүс шиг санагддаг. Та ч бас тийм юм?

-Манай хамтлагийнхан ер нь бол бүгд дуу цөөтэй, танихгүй хүнтэй харьцахдаа нэлээн бүрэг гэх юм уу нэг тиймэрхүү талдаа. Гэхдээ хоорондоо бол тийм биш л дээ. Таньдаг болоод ирэх юм бол эсрэгээрээ яаж ч тоглож магадгүй. Миний хувьд хүүхэд байхдаа их л даруухан, хичээл ч нэг их хийдэг хүүхэд байгаагүй. Ер нь найзуудтайгаа байх дуртай, нийтэч талдаа л байсан байх.

 

-Би ярилцлагын төгсгөлд асуухад та юунд эмзэглэж явдаг вэ?

-Улаанбаатар хотын хаана ч байхгүй сайхан нь энд бидний бага насны сайхан дурсамжууд энэ хотын хаа нэгтээ байна. Тийм болохоор би Улаанбаатартаа хайртай. Харин муухай нь гэвэл өөр хаана ч байхгүй тоос, шороо, хог, утаа. Үүнд л эмзэглэж явдаг даа.

 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин