В.Путин: Би бохир улс төрийг хүсэхгүй байна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ажлаа сэтгүүлчид болон олон нийтэд тайлагнав. Хэвлэлийн хурал 3.39 цаг үргэлжилсэн бөгөөд нийт 84 асуултад хариулсан байна. Москвагийн олон улсын худалдааны төвд хуран цугларсан сэтгүүлчид Ерөнхийлөгчөөс ямар асуулт асууж, хариулт авсныг сонирхуулж байна.
-Хэдхэн хоногийн өмнө Панамын бичиг баримт нэртэй нууц оффшор дансны мэдээллийг “ICIJ” байгууллага олон улсад дэлгэсэн. Хамгийн сонирхолтой нь эдгээр нууц баримтад таны нэр байсан. Таныг хоёр тэрбум ам.долларын нууц оффшор данстай гэсэн. Энэ үнэн үү. Та шударгаар хариулаач?
-Би өмнө нь хэлж байсан. Панамын бичиг баримт гэх нууц материал интернэт байршихаас өмнө Германы өдөр тутмын “Süddeutsche Zeitun” сонинд нийтлэгдсэн. Уг сонины санхүүжүүлэгч бол АНУ-ын “Goldman Sachs” групп. Тиймээс энэ бүх дуулианы ард хэн нуугдаж буйг мэдэх амархан.
-Яагаад америкчуудын гол зорилго таныг төрийн тэргүүнээс буулгах гэж?
-Хүн бүхэн ялагч болохыг хүсдэг. Би ч гэсэн тэд ч гэсэн. Тэд хаана хүчирхэг хүн, гол дайснаа нуугдаж буйг сайн мэддэг.
-АНУ-ын Ерөнхийлөгчид өнгөт арьстай хүн сонгогдоход та ямар бодолтой байсан бэ?
-2009 он байхаа. Аргагүй л ардчилсан улс юм аа гэж бодсон.
-Орос өнгөт арьстай Ерөнхийлөгчтэй болох болов уу?
-Орос ч гэсэн ардчилсан улс.
-Та гэнэт л Сириэс цэргээ гаргах тушаал өгсөн. Яагаад ийм сонголт хийсэн юм бэ?
-Оросууд үүргээ амжилттай гүйцэтгэсэн гэж үзсэн учир дээрх шийдвэрийг гаргасан. Цэргээ гаргах тушаалд гарын үсэг зурах үедээ би сэтгэл хөдлөлөөр хандаагүй гэдгийг ойлгоорой. Олон мянган материалтай танилцсан. Орос, Сири болон олон улсын мэдээллийг нягтлан үзсний эцэст тушаалд гарын үсэг зурсан.
-Оросууд хэдий Сирийг орхисон ч тус улсад байлдааны ажиллагаа явуулсаар байна?
-Тиймээ, бид ашгийн бус зорилготой байлдааны ажиллагаа явуулж байна. Бидний чин зорилго бол Сирийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах. Маргаашаа төсөөлөх аргагүй болсон цаг үе ирээд байна. Нэг л өдөр Орос, Сириэс тусламж авахыг үгүйсгэхгүй. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл эргүүлэн татаад буй цэргээ Сири руу илгээж чадна. Энэ бол асуудал биш.
-Та өөрийгөө нэг үгээр илэрхийлээч?
-Их хэцүү асуулт байна. Би бусдын адил алдаа, дутагдал гаргадаг. Заавал хариулах ёстой бол “хүлээцтэй”. Би бүх зүйлд хүлээцтэй хандаж, ард түмэнд ашигтай шийдвэр гаргахыг хүсдэг. Миний нэр төрд халдаж буй бүхэнтэй хэрэлдэж, муудалцвал хэтэрхий бүдүүлэг харагдах болно.
-Америкчууд таныг нууц оффшор данстай гэх худал мэдээллийг цацлаа. Та тэдэнд ямар хариу барих гэж байна?
-Улс төрийг бохир гэлцдэг. Гэхдээ би бохир улс төрийг хүсэхгүй байна.
-Хамгийн сүүлд та ард түмэндээ хэзээ талархсан вэ?
-Оффшорын асуудлаас болж олон улсад үймээн гарсан. Уг баримтад миний нэр хамгийн их бичээстэй байсан. Танихгүй хүнтэй минь хүртэл холбож, мөнгө угаасан хэмээн бичсэн байсан. Энэ бүхний дараа юу болохыг би мэдэхгүй байсан. Харин ард түмэн минь надад итгэсэн. Та бүхний итгэл намайг улам зоригжуулсан.
-Улс төрөөс явсан цагтаа юу хийх вэ?
-Бие минь улс төрөөс явсан ч тархи болон бие сэтгэл минь энэ бүхнийг мартаж чадахгүй байх.
-“Су 24” онгоцны ослын дараа Орос, Туркээс зайгаа барьсан. Тэднийг уучлах бодол байна уу?
-Тэд эхэлсэн. Өөрсдийн асаасан галаа унтраах нь тэдний асуудал. Бид хүлээхээс өөр сонголтгүй.
-Та Ойрхи Дорнодод болж буй үйл явдлын талаар хаанаас мэдээлэл авдаг вэ?
-Эх сурвалжаас. Олон эх сурвалжийн мэдээллийг хүлээн авч, нягталдаг.
-Өнгөрсөн хугацаанд тусгайгийнхан Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хэд хэдэн гишүүнийг баривчилсан. Аюул ойрхон байгаа мэт санагдах юм?
-Тэднийг дутуу үнэлж болохгүй гэдгийг олон жишээнээс харж болно. Аюул ойрхон эсвэл хол байгааг би хэлж мэдэхгүй. Гэхдээ ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө бүхий л бололцоогоо ашиглах болно. Хамгийн гол нь алба хаагчид мэргэжилдээ мэргэших хэрэгтэй.
-Батлан хамгаалах яаманд гарсан галын тухай?
-Энэ асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллаж, мэдээ болон материал алдагдахаас сэрэмжлэхийг албаны хүмүүст даалгасан.
-Та Сирид очиж тус улсын нөхцөл байдалтай танилцахыг хүсдэг үү?
-Мэдээж хэрэг. Энэ бол миний зорилго. Тус улсын байгаа байдлыг нүдээрээ харсанаар би илүү шийдэмгий алхам хийж чадах байх.
-Женевийн уулзалт амжилтгүй үргэлжилж байна?
-Энэ уулзалтаар олон асуудлыг шийдвэрлэх боломжтой. Засгийн газар болон сөрөг хүчний маргаан бидний итгэлийг хөсөрдүүлж байна. Би нэгийг нь зөвтгөж, нэгийг нь буруутгахыг хүсэхгүй байна. Гэхдээ тэд улс орныхоо төлөө харилцан буулт хийх нь хамгийн зөв. Бид тэднийг харилцан буулт хийж, хамтран ажиллаж буйг харахыг хүсч байна.
-Барууны лидерүүд эхнээсээ тэр улсад явуулсан цэргийн ажиллагаа алдаа байсан хэмээн мэдэгдэж байна. Таныг Сирийн ажиллагаа алдаа байсан гэж хэлэхгүй гэдэгт итгэж байна?
-Ажиллагаа явуулахаас өмнө, ажиллагаа явуулж буй үе болон ажиллагаа явуулсны дараахыг тооцож, хөдлөх хэрэгтэй. Удирдагч хүн алсын хараатай байх ёстой.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ