Балетын хөгжлийг “мэдрүүлнэ”
2016-04-18

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын балетын гоцлоочид “Nomadic Ballet” продакшин байгуулжээ. Продакшны нээлтийн тоглолт болгож  “Мэдрэхүй” нэртэй балетыг энэ сарын 29-нд тохиох Дэлхийн бүжгийн өдрөөр толилуулах гэж байна.

 

"Nomadic Ballet” продакшин нь дэлхий дахины орчин үеийн бүжгийн хувьсал, шинэчлэлийг эх орондоо таниулах, дэлгэрүүлэх зорилготой юм байна. Тэд анхны тоглолтоо "Sentimen" буюу "Мэдрэхүй" хэмээн нэрийдсэн нь Монголын балетын түүхэнд оруулж буй шинэ салхи, шинэ өнгө төрхөө илэрхийлж буй тухай уран бүтээлчид хэлж байна. "Мэдрэхүй" тоглолтод неоклассик, сонгодог ба модерн хосолсон үзүүлбэрүүд болон Майкл Жексоны дуунд сонгодог бүжгийг тусгайлан дэглэсэн шоу үзүүлбэрүүд багтжээ. Түүнчлэн залуу балетчид орчин үеийн бүжгийн урлаг, монголын балетын бүжигчдийн чансаа ямар зэрэгт хүрснийг харуулах аж.

 

"Nomadic Ballet” продакшны үүсгэн байгуулагчид “Монгол улсад балет буюу бүжгэн жүжгийн урлаг үүсч, хөгжсөн 60 жилийн хугацаанд дотооддоо төдийгүй олон улсад нэр хүндтэй олон бүжигчид төрсөн билээ. Харин анхны мэргэжлийн балетын продакшн байгуулагдлаа хэмээн тодотгохын учир нь театрын сонгодог уран бүтээлээсээ давж, өөрсдийгөө сорьж, илүү ихийг бүтээн туурвих зорилготой юм. Эрч хүчтэй, авъяаслаг залуус нэгдэн балетын урлаг Монгол улсад хөгжиж ирсэн түүхэн сонгодог замналд шинэ уур амьсгал, орчин үеийн хэмнэл нэмэхээр нэгдсэн” хэмээж байна.

 

“Мэдрэхүй” тоглолт энэ сарын 29-ний 19.00 цагт  “Corporate and Convention Centre”-т болно.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин