ХААН Банкны нэрэмжит “Банкны олимпиад”-ын шилдэгүүд шалгарлаа
2016-04-18

 

ХААН Банк жил бүр банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд “Банкны  олимпиад”-ыг  зохион байгуулдаг билээ. Оюутан залуусын дунд хүлээлт болтлоо өргөжсөн энэхүү олимпиадад 10 Их дээд сургуулийн 100 гаруй оюутнууд ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөж мэдлэг, чадвараа сорилоо.

 

Банкны олимпиад нь оюутнуудад томоохон дадлага туршлага болдог төдийгүй эхний 5 байрт шалгарсан шилдэг оюутнууд ХААН Банкинд ажиллах урилга хүлээн авдаг уламжлалтай.

 

Тест, бодлогын шалгалтаар нийт оролцогчдын ганцаарчилсан төрөлд:


        1-р байрт СЭЗДС-ийн оюутан Б.Батсүх

        2-р байрт МУИС-ийн оюутан Г.Чинсанаа

        3-р байрт СЭЗДС-ийн оюутан Б.Түмэнцацал

        4-р байрт МУИС-ийн оюутан Э.Балжинням

        5-р байрт МУИС-ийн оюутан Э.Алунгуа нар тус тус шалгарлаа.

 

 

Олимпиадад оролцсоноор оюутнууд онолын мэдлэгээ практикаар баяжуулж нэг баг болон хамтран ажилладаг зэрэг олон ач холбогдолтой. Шилдэг эрсдэлийн удирдлагатай багаар СЭЗДС-ийн  “IFERAS” баг, шилдэг хувьцааны үнэлгээтэй багаар “Мандах Бүртгэл” дээд сургуулийн “Мандах 2” баг шалгарч, шилжин явах цомын эзнээр СЭЗДС шалгарч 2 дахь жилдээ дараалан тэргүүлж, амжилтаа баталлаа.

 

СЭЗДС-ийн Профессор З.Оюунцацрал:

 

СЭЗДС-ийн оюутнууд маань ганцаарчилсан болон багийн төрөлд амжилттай оролцож, шилжин явах цомын эзэн болсондоо баяртай байна. Банкны олимпиадыг манай сургуулийн багш, оюутнууд бүгд л хүлээдэг болжээ. “Банкны олимпиад” нь улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа банкны салбарын ганц олимпиад учир оюутнууд идэвхтэй оролцож өөрийгөө сорих дуртай. Бид сургуульдаа жижиг хэмжээний олимпиадыг зохион байгуулж ХААН Банкны нэрэмжит “Банкын олимпиад”-д оролцох баг бүрэлдэхүүнийг бүрдүүлдэг. Мөн багш нар шалгарсан оюутнуудад тусгайлан зөвлөгөө өгч, бэлтгэх боломж гаргаж өгдөг. Энэ жилийн хувьд ч сайн баг бүрдүүлэн системтэй бэлтгэж оролцсон.  

 

СЭЗДС-ийн Банкны удирдлагын 4-р курсын оюутан Б.Батсүх:

 

Банкны салбар өөрөө маш хурдацтай хөгжиж, шинэчлэгдэж байдаг болохоор энэ салбарт ажиллах хүсэл тэмүүлэлтэй. Иймд банкны удирдлагын чиглэлээр суралцаж өөрийгөө энэ салбарт сайн боловсон хүчин болгон бэлтгэхийн тулд идэвх зүтгэлтэй суралцаж байгаа. Би банкны олимпиадад 2 дахь жилдээ оролцож байна. Банкны олимпиад жилээс жилд улам өрсөлдөөнтэй болж, оюутнуудын хувьд сайн бэлтгэлтэй оролцдог болсон нь харагдаж байна. Дараа жил банкны олимпиадад оролцох оюутнууддаа өөрийн хувийн бэлтгэлээ сайн базааж, онолоор олсон мэдлэгээ баг болон туршиж үзээрэй гэж хэлмээр байна.  

 

МУИС-ийн Банкны менежментийн 4-р курсын оюутан Г.Чинсанаа:

 

Банкны мэргэжлээр сурч байгаа оюутнуудын гол зорилго бол банк санхүүгийн салбарт тэргүүлэгч банкинд ажиллах гэж боддог. Тиймээс миний хувьд энэхүү олимпиадад ихээхэн ач холбогдол өгч, хувийн бэлтгэлээ сайн ханган оролцлоо. Би 2 дахь жилдээ оролцож байгаа тул энэ жил илүү амжилт гаргахыг зорьсон. Тэр зорилгодоо хүрч ХААН Банкинд ажиллах болсондоо баяртай байна.

 

СЭЗДС-ийн банкны менежментийн ангийн 3-р курсын оюутан Б.Түмэнцацал:

 

Банкны олимпиадын талаар удирдамж тараагдсан үеэс эхлэн бэлтгэж эхэлсэн. Би 3-р курсын оюутан учир зарим хичээлээ үзэж амжаагүй байсан. Тиймээс өөрөө бие даан зарим хичээлээ үзэж судлаад “Банкны олимпиад”-д оролцлоо. Банкны олимпиадаар өөрийн мэдлэгээ улам батжуулсан гэж бодож байна. Бусад сургуулийн оюутнуудаас ч их зүйл сурлаа. Энэхүү олимпиадыг зохион байгуулж оюутнуудыг мэдлэг чадвараараа өрсөлдөх боломж олгосон ХААН Банкны хамт олонд баярлалаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин