О.Анужин: Би Жульетта болмоор байна
2016-04-19

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол балетчин О.Анужинтай уулзаж ярилцлаа.

 

 

-Дуурийн театрт хэзээ данстай болсон бэ? Эндээс эхлэе.

-Би УДБЭТ-ын балетын гоцлол бүжигчнээр ажиллаж байна. Анх 2012 онд Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд энэ театрт ажиллаж эхэлсэн. Үндсэн ажилтан болооод дөрвөн жил болж байгаа ч сургуульд байхдаа гэрээний бүжигчнээр ажилладаг байсан хоёр жилээ нэмвэл, Дуурийн театрт ажлаад 6 жил болж байна.

 

-Балетын мэргэжлийг сонгох шалтгаан юу байв?

-Би бага байхын бүжгэнд дуртай хүүхэд байсан.  Тэгээд Плехавновын нэрэмжит Орос сургуульд сурдаг байхдаа орос бүжиг бүжиглэдэг байлаа. Манай ангид Сувдаа гэдэг охин байсан юм. Тэр охины ээж нь МУГЖ Наранханд  эгч. Тэр эгчийн балетын тоглолтыг үзээд би ерөөсөө л балетчин болно гэж шийдэж байсан. Тэр үед би 10 настай байсан болохоор сайн санадаггүй юм аа. Ээж маань “хүнд мэргэжил, чи чадах уу” гэж ам асууж байсан гэдэг. Тэгэхэд нь би “зүгээрээ чадна” гэж хэлээд Хөгжим бүжгийн коллежид орсон юм гэсэн. Энэ амлалт, энэ үгсийг би бага байсан болохоор тод санадаггүй юм.

 

-Одоо хэдэн настай билээ.

-Одоо 20 настай. Ирэх тавдугаар сард 21 нас хүрнэ дээ.

 

-Тэгвэл одоогоор амьдралынхаа тэн хагасыг балетын урлагт зориулчихсан яваа ажээ?

-Тийм шүү. Арван жил балетаар хичээллэж, ажиллаж байна. Балетын урлагт сургуульд байх хугацаа, бэлтгэл ангитайгаа нийлээд найман жил суралцдаг. Ер нь байнга л суралцаж явдаг урлаг юм даа. Байнгын бэлтгэл сургуулилт хийж байх шаардлагатай учраас би одоо ч суралцсаар л байна.

 

Удирдаачаа тэврээд нэг их уйлж билээ

 

 

Ээжийн чинь хэлснээр үнэхээр хүнд мэргэжил үү?

-Тэгэлгүй яахав. Маш хүнд, тэгээд асар их тэвчээр шаардсан урлаг. Тэвчихгүй уйлсан үе зөндөө бий. Хэдий тийм ч хамгийн чухал нь би энэ мэргэжилдээ дуртай, хайртай. Тийм учраас уйлах нэг өдөр байсан ч энэ мэргэжлийг эзэмшсэндээ  маш их баярлах өөр нэг өдөр байсан. Ер нь тэгээд хийсэн хөдөлмөрөө үнэлүүлээд тайзан дээр алга ташуулна гэдэг маш гайхалтай мэдрэмж л дээ.

 

-Балетын урлаг төгс төгөлдөрийг мэдрүүлдэг гэж би хувьдаа боддог. Харин чиний хувьд?

-Балетын урлаг бол сонгодог, сонгомол урлаг. Үг хэлэхгүй ч үйл хөдлөлөөр хүмүүсийг соён гэгээрүүлдэг. Тэр утгаараа аз жаргал, гоо сайхныг мэдрүүлж чаддаг урлаг гэж би хувьдаа боддог юм. Мэдээж маш хэцүү. Гэхдээ бидэнд хэцүү гэдгийг нь үзэгчдэд мэдрүүлэх эрх байхгүй. Бид ч үзэгч, олон нийтэд гоо сайхан, таашаал өгөхийн тулд ажиллаж байна.

 

-Гоцлол балетчин болохын тулд багагүй хөдөлмөрлөдөг болов уу?

-Гоцлол бүжигчин хоёр цагийн бүтэн жүжгийг авч явна. Тухайн жүжиг хүмүүст яаж хүрэхийг гоцлол бүжигчин шийднэ. Хэрэв муу бүжиглэвэл үзэгчдэд сэтгэлийн таашаал мэдрүүлж чадахгүй. Тэр утгаараа техник ур чадварын хувьд илүү хэцүү, асар их хариуцлагатай ажил. Гэхдээ бид гоцлол бүжигчин хэдий ч масс бүжигчидгүй бол  явахгүй. Тэд байснаараа гоцлол бүжигчнийг илүү тодотгож өгдөг.

 

-Тоглож дуусаад тайзнаас буухад сайхан мэдрэмж төрнө биз?

-Сайхан шүү. Нэг юмны ард гарна гэдэг хамгийн сайхан мэдрэмж. Тэр үед л маш их ядарснаа мэдэрдэг. Тэр ядралт нь хүртэл маш гоё санагддаг/инээв.сур/. Сургуульд сурдаг байхад хоёр дахь гэр минь ХБК байлаа. Одоо бол УДБЭТ болоод байна. Өглөө ирээд орой л театраасаа  гарна.

 

-“Би чадахгүй юм байна. Больё” гээд шантрах үе байв уу?

-Би хамгийн Л.Делибийн  “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг гоцлож байсан юм. Анхны гол дүрд тоглохдоо нэлээн шантарч байлаа.. Балет эхлэхээс өмнө “Чадахгүй юм байна” гээд балетын эгч нарыгаа тэвэрч уйлаад л. Тэр үед хөлөн дээр маш том 4 цэврүү үсэрчихсэн юм. Тэрийгээ хоёр хөлийн эрхий, чигчий хуруун дээрээ үсэрсээр байгаад шархлуулчихсан. Тэгээд тийм хөлтэй каскин дээр гараад зогсоно гэдэг муухай мэдрэмж л дээ. Энэ бүхнээс эхлээд л бэлтгэл сургуулилтаа хийж чадахгүй, шантраад  өөрийгөө голно. Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ багасгана. Гэхдээ миний хажууд маш олон хүн намайг дэмжиж, урамшуулж байсан. Би тэдний ачаар тэр бүгдийг давж чадсан гэж боддог юм аа. Цэврүүнээс болж гэр рүүгээ уйлаад очиход “зүгээрээ ийм юм байдаг юм” гээд намайг халамжилж, сэтгэлээр дэмжсэн хүн зөндөө байжээ. Гол дүрээ бүжиглэж дуусаад тайзан дээр удирдаачаа тэврээд нэг их уйлж билээ.

 

-Балетчид гэмтэж бэртэх тохиолдол их үү?

-Гэмтэх асуудал их байдаг. Гэмтлээ давж гарна гэдэг нь биднийг сэтгэлийн хаттай болгодог. Мөн хөдөлмөрч болгоно. Хэцүү бүхнийг даваад гарч чадвал энэ урлаг эргүүлээд нэр хүндээ өгдөг юм.

 

-Шагайгаа ихэвчлэн гэмтээх үү?

-Янз бүрээр бэртэнэ. Шагай, өвдөг, мөр, нуруу гээд маш олон бэртэл авдаг. Би гэхэд хөлөө хугалчихаад мэдээгүй явж байгаад бороолсных нь дараа эмнэлэгт очиж зургаа авхуулсан юм. Тэгсэн эмч нар гайхаад одоо гипстэнэ гэхээр нь “би маргааш тоглолттой, үгүй ээ” гээд л өвчин намдаах эм аваад гарч байсан удаатай. Саяхан миний мөр гэмтсэн. Гэмтсэн ч гэсэн тоглолтод ороод л явсан. Өвдөөд байна гээд байвал бүр өвдчихнө гээд тэвчиж, гүрийгээд байдаг. Бүр болохоо боливол аргагүй эмнэлэг орно. Эмнэлэг орохоор бас нэг юм нь гэмтсэн, өвдсөн гэх л байх, эмч нар нь гайхаад унах байх гээд л тэсээд яваад байдаг. Очсон ч эм бичүүлээд л гардаг даа. Мэдэхгүй хүн бол мэдрэл муутай хүмүүс юм бишүү гэж бодохоор.

 

-Өлмий дээрээ тогтож сурах хэцүү биз?

-Бидэнд хөгжим бүжгийн коллежид суралцах хугацаанд үүнийг заадаг. Эхний гурван жилд каскин дээр гарахгүй сургаад дараа нь гаргадаг. Каскин гэдэг нь бидний өмсдөг урд талын хэсэг нь модон өмсгөл юм. Бид бага байхдаа тэрийгээ угаагаад зөөлхөн болонгуут нь зуны гутал болгож өмсөөд юм юманд л ашигладаг байлаа/инээв.сур/.

 

-Чиний ярианаас тэвчээртэй хүн л балетын урлагын оргилд нь гарч чаддаг болов уу гэж бодлоо?

-Тийн. Энэ урлаг өөрт нь дуртай хүмүүсийг улам илүү хүчилж, чангаруулж, ур чадварт сургаж,  дурлуулж байдаг. Тийм болохоор балетын урлагын хүнд хэцүүг тэвчиж, тэсэж үлдэж, дурлаж чадсан хүн л амжилт үзүүлдэг болов уу. Манай театрын бүх балетчид урлагтаа дэндүү хайртай. Миний мэргэжлийн багш МУГЖ Туул гэдэг хүн байдаг. Тэр багш минь надад “Чи хэн ч байж болно. Гэхдээ чи хүн байх ёстой” гэж заадаг байсан.

 

-Ер нь балетчид өөрсдөө үзэгчийн суудлаас жүжиг үздэг үү?

-Бид байнга л тавигдаж буй жүжгэндээ өөрсдөө оролцдог. Тийм болохоор үзэж чаддаггүй. Заримдаа үнэхээр гэмтсэн тохиолдолд боломж олдсон дээр нь тоглолтоо үзэхийг хичээдэг.

 

14 жилийн дараа тэтгэвэртээ гарна

 

 

-Мэргэжлийнхэн өөрийг чинь балетын шинэ үеийн төлөөлөл гэдэг юм билээ?

-Одоогоор би УДБЭТ-ын хамгийн залуу гоцлоочоор ажиллаж байна. Балет бол залуу насны урлаг. Тийм учраас залуу байхдаа л хөдөлмөрлөж, дүр бүтээж амжина гэсэн үг. Би одоо 6 жил ажиллаад байна. Одоо  14 жилийн дараа тэтгэвэртээ гарна. Тэгэхээр залуу насандаа хөдөлмөрлөж амжих хэрэгтэй учраас залуу насны урлаг хэмээн тодотгож байна. Тиймээс ч миний дараагийн үеийн балетчид бэлтгэгдэн гарж ирж байна.

 

-Өөрөө шавьтай юм биш биз?

-Үгүй үгүй. Одоохондоо шавь алга. Мэдээж балетаа болихоороо багш болж магадгүй. Гэхдээ багшаас илүү өөр бодсон олон мөрөөдөл байгаа.

 

-Хуваалцаж болох уу?

-Болно оо. Тухайлбал, “Спартак” балетын Пригад, мөн миний хамгийн дуртай балет “Жизель” балетын Жизельд тоглохыг хүсэж байна. Тэгээд бас “Ромео Жульетта”-ийн Жульетта болмоор байна.

 

-Жульеттад тохирох юм шиг санагдаж байна.

-Олон хүн тэгж хэлдэг. Жулетта, Жизельд тогловол тохирно гэдэг. Хэрэв энэ дүрүүдэд тоглох боломж олдвол маш сайн тоглоно гэж бодож байна.

 

-Өндөр, нам, тарган туранхайгаас болж дүрд гологдсон удаа бий юу?

-Тийм зүйлтэй одоохондоо тохиолдоогүй л байна. Би одоо метр 163, 45 килограммын жинтэй байна. Одоо дахиад турна/инээв.сур/.

 

-45-аас дахиад уу?

-Тийн дахиад турна. Ер нь балетчин хүн туранхай байх шаардлагтай гэдэггүй ч ашигтай. Нэгдүгээрт тайзнаас гоё харагдана. Хоёрдугаарт өөрт юм хийхэд амар. Гуравдугаарт бид нарыг өргөх эрэгтэй хамтрагчид нурууны ачаалал бага өгнө. Тэр утгаараа ер нь бол аль болох туранхай байхыг шаарддаг.

 

-Мэргэжлийн балетчин болоод олон улсын тэмцээнд явж байв уу?

-Би хөгжим бүжгийн коллежид сурч байхдаа Бээжин, Улаан-Үд хотноо тоглолтоор явдаг байсан. Дуурийн театрт орноос хойш 2012 онд балет оркестр бүхлээрээ Шинжинь хотод тоглож байлаа. Би түрүү жил долоодугаар сард Бээжин, наймдугаар сард Японд тэмцээнд оролцоод ирсэн. Сая ОХУ-руу явах гэж байгаад ар гэрийн асуудалтай болоод явж чадсангүй. Ирэх зургаадугаар сард Солонгосын тэмцээнд явах санаатай байна.

 

-Гадаадын тэмцээнд оролцохын тулд зардлаа өөрсдөө зохицуулдаг гэсэн. Энэ багагүй асуудал болдог уу?

-Тийм шүү. Спортынхон гэхэд “Алдар спорт хороо” гэж явдаг хэр нь аль нэг компанийн тамирчин байдаг. Харин бидэнд тийм юм байдаггүй. Тийм учраас зардлаа өөр өөрсдөө хувь хувьдаа даагаад явдаг. Би өнгөрсөн хоёр тэмцээнд хувиасаа гаргаад явсан.

 

-Зардлаас болж тэмцээнд явж чадаагүй тохиолдол бий юу?

-Явж чадаагүй тэмцээн зөндөө байгаа. Гэхдээ дахиад 4-5 жил тэмцээнд явах нас надад байна. Аль болох амьдралд ойр, гайгүй зардалтай руу нь л явдаг юм. Бүр өндөр зардалтай руу нь чаддаггүй. Онгоцны зардлаас эхлээд хичнээн сая төгрөг орно. Дээр нь очоод байрлах байр гээд л. Санхүүгийн боломж хүрнэ гэсэн тэмцээн рүү бол аль болох явахыг л боддог. Энэ нь эргээд надад өөрийгөө хөгжүүлэхэд нэмэр болно.

 

-Олон улсын балетчидтай харьцуулбал монголын балетын хөгжил хэр хэмжээнд байгаа шиг санагддаг вэ?

-Бид Ази хүмүүс учраас Европ хүмүүсийг гүйцэхгүй. Европууд бид нараас өөр.  Урт гар хөл, шөвгөр царай, жижигхэн нүүртэй. Тэр ч утгаараа балет тэдний урлаг юм. Яг Ази дотроо бол манай Монгол балетчид мэдрэмж, ур чадварын хувьд ер нь их дээгүүр ордог шүү.

 

-Өөрийгөө дэлхийд өрсөлдөх чадвартай гэж боддог уу?

-Тийм гээд  хэлчихвэл бардсан болчих байх. Ер нь Монголын балетчид олон улсад өрсөлдөхүйц чадвартай. Гэхдээ надад тэмцээнд яваад байр эзлэх чухал биш санагддаг. Олон улсын, миний ижил мэргэжилтэй хүмүүсээс би юугаараа дутуу байна, одоо надад юу хэрэгтэй байна вэ гэдгийг хүн олж хардаг, суралцдаг юм билээ. Тэр утгаараа тэмцээнд явсан хүн бүр тодорхой хэмжээгээр сайжирсан, аль нэг зүйлийг ойлгочихсон ирдэг. Тэгэхээр олон улсын тэмцээнд явж өөрийнхөө нүдийг байнга нээж, шинэчлэлт хийж байх хэрэгтэй санагддаг.

 

-Хэрэв балетчин болоогүй бол дараагийн сонголт юу байсан бол?

-Балетын урлаг амархан мэргэжил биш. Зүгээр л олон улсын харилцаагаар суралцаад Орос хэлээ илүү хөгжүүлээд цаашдаа гадаад явж суралцая гэж бодож явсан үе зөндөө. Гэхдээ энэ бүхэн худлаа байсан. Учир нь хэдий хүнд хэцүү ч бид энэ мэргэжилдээ хайртай болчихдог. Нэгэнт орчихсон бол салж чадахаа байчихдаг юм билээ. Энэ мэргэжил хүнд маш их таашаал, хамгийн сайхан мэдрэмж өгдөг. Тийм учраас тэр мэдрэмж, таашаалыг хүнд хүргэхийн тулд бид ажиллаж байна. Эргүүлээд тэндээс авах мэдрэмжээр өөрсдийгөө тэтгэж явдаг юм даа.

 

-Авч буй цалин амьдралд хүрэлцээтэй биз?

-Гэр бүл зохиогоогүй ээж, аавынхаа гэрт амьдарч байгаа учраас одоохондоо цалингаараа би өөрт хэрэгцээтэй юмаа аваад л дуусгадаг. Түүнээс ар гэрээ авч явдаг эрэгтэй уран бүтээлчдэд улсын цалин учраас бага зэрэг дутмаг л байдаг болов уу.

 

Ээж, аавын амины охин

 

 

-Одоо чиний дотоодруу чиглэсэн цөөн зүйл асууя. Гэр бүлээ танилцуулж болох уу?

-Манай аавыг Отгонтөгс, ээжийг Мягмарсүрэн гэдэг. Тэгээд манай ахыг Ариунболд бэр эгчийг Буянчимэг гэдэг. Бид ам бүл 5-уулаа. Одоо зургаа дахь гишүүн маань ирж яваа/инээв.сур/. Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Манай аавын талынхан бага зэрэг спортлог хүмүүс байдаг. Түүнээс биш урлаг дагасан хүн байхгүй. Одоо би урлагийн хүн болж байгаа болохоор миний дараагийн үе хэрвээ яриа өгвөл манайд урлагийн хүн бий гэж хэлэх байх гэж бодож байна/инээв.сур/.

 

-Айлын бага уу?

-Тийн айлын бага. Дээрээ ганцхан ахтай.

 

-Ээж, аавын амины охин биз?

-Тийм шүү амины охин. Гэхдээ би айлын бага, ганц охин. Манай ах айлын том ганц хүү учраас хоёулаа ер нь адилхан амины хүүхдүүд ээ. Оюутан байхад аав маань намайг байнга ирж авдаг байсан. Одоо хүртэл ажил орой тарахаар ирж авдаг. Ээж, аав хоёрт маань охиныгоо хараад л суух нь сайхан байдаг юм шиг байгаа юм. Ажил ихтэй юм аа. Би том болоод гэр бүл зохиосон үедээ хэрвээ шаардлагатай бол эцэг эхийгээ халамжилж, асарна гэж боддог. Юуны тулд намайг энэ зэрэгтээ явуулсан билээ дээ. Миний энэ зэрэгтээ яваа маань зөвхөн тэр хүмүүсээс л хамааралтай.

 

-Ээж аав нь энэ сандал дээр суугаад тэр тайзан дээр охиноо тоглохыг үзэх дуртай биз?

-Намайг гол дүрд тоглох болгон, шинэ дүр бүтээх болгонд ирж үздэг. Манай хоёр театрт ирэх маш дуртай. Жаахан ирүүлэхгүй удчих юм бол “бид хоёр театрт очиж юм үзэхгүй болохоор хоёулханаа уйтгартай байна. Чи нэг юм үзүүлээч” гээд л тэгдэг юм. Мэдээж охиныгоо үзэх гоё байдаг байлгүй дээ/инээв.сур/.

 

-Охиноо хараад хачин их бахархдаг байхдаа?

-Би дотор нь ороогүй болохоор сайн мэдэхгүй байна аа. Ямар ч  байсан мэдээж охин нь юм чинь бахархдаг, хайрладаг байх аа/инээв.сур/. Тайзан дээр гараад олон үзэгчийн дунд ээж, аавыгаа суучихсан байгааг хайж байгаад олж харах их сайхан байдаг.

 

-Дуурийн театрт балетчинаар ажиллахын тулд ойрын 5 жилийн хугацаанд хүүхэдтэй болохгүй гэдэг гэрээ байгуулдаг гэсэн.

-Бид нартай тийм гэрээ байгуулаагүй. Тэр бол хувь хүний асуудал. Балечид ер нь төрөхийг урьтал болгодоггүй. Учир нь балетын урлаг хатуу. Балетчид жирэмсэн болоод бүтэн жил алддаг. Тэр хугацаанд хүний биеийн байдал асар өөрчлөгдсөн байдаг. Буцаад хэмжээндээ ороод хуучин байсан шигээ болох маш хэцүү. Тийм болохоор бүжигчин болгон хувь хувьдаа хэзээ төрвөл илүү боломжтой талаар нарийн тооцсон, хувийн зохион байгуулалттай байдаг. Хэрвээ төрөх цаг нь болсон бол хүн төрж болно. Хувь хүний өөрсдийн нь асуудал.

 

-Анужин хэзээ ээж болох вэ?

-Би 25-26 хүрч байж анхны хүүхдээ гаргана. Гурван хүүхэдтэй болно гэж бодож байгаа/инээв.сур/. Ер нь бол надад хийх юм их байгаа учраас гэр бүл, үр хүүхэд төлөвлөгөөнд нэлээн хойгуур орсон байгаа. Хийнэ гэснээ амжуулчихаад тайван болоод ирэхээрээ сайхан гэр бүлтэй болно доо.

 

-Ирээдүйн гэрийн эзэгтэй төрхөө хэрхэн төсөөлж байна вэ?

-Балетын бүжигчид маш сайн гэрийн эзэгтэй болдог. Магадгүй энэ нь бидний хариуцлагатай ажил мэргэжилтэй холбоотой байж болох юм. Балет биднийг хариуцлагатай байлгаад сургачихсан. Дээр нь юм оёхыг, каскигаа янзлах, нүүрээ будах гээд бүгдийг өөрсдөө хийгээд сурчихсан байдаг учраас би ч гэсэн сайн гэрийн зээгтэй болох байх. Гэхдээ одоохондоо хоол жаахан муу хийдэг. Яагаад гэхээр тэр бүр гэрийн ажил, хоол хийгээд байх зав бидэнд байдаггүй. Өглөө гараад орой хүртэл театртаа л байна. Нэг дахь, хоёр дахьд  хэдий амралтын өдөр боловч бид амрахгүй театртаа ирж бэлтгэлээ хийдэг. Тийм болохоор цаг зав муу байна. Цаг зав гайгүй болчихвол сайн гэрийн эзэгтэй болоход өөрийгөө бэлдэнэ гэж бодож байгаа/инээв.сур/.

 

Залуучууд соёлтой байгаасай

 

-Хэнээс үлгэр дууриалал авч байна вэ?

-Шүтдэг балетчид гээд л хүмүүс ярьдаг. Гэвч балетчин бүхэн өөрийн гэсэн мэдрэмжтэй. Би өөрөө өөрийгөө илэрхийлэх онцгой чадвартай  л байхсан гэж зорьдог. Тиймээс хүн бүрийн тэр мэдрэмжээс сайхныг нь түүж өөрөө суралцахыг чухалчилдаг. Манай Ганчимэг, Батчимэг, Саруул, Цолмон эгч бүгд мундаг жүжигчид. Эднээс авах сайхан чадвар зөндөө бий. Бүгдээс нь би суралцаж л явна.

 

-Залуу хүний хувьд аль нэг зүйлд эмзэглэж явдаг болов уу?

-Надад онцгүй санагддаг юм юу гэхээр хүмүүс жаахан хүүхдээ шууд гадаа бие засуулдаг. Тэр тусмаа эрэгтэй хүүхдийг өмдийг нь шувталж байгаад л энд тэндгүй бие засуулчихна. Тэр их муухай санагддаг юм аа. Яагаад гэхээр тэр хүүхдийн тархинд 2-3 настайгаас нь ил задгай бие засаж болох юм байна гэдэг ойлголт суучихна. Тэгэхээр хүүхэд том болоод хаа хамаагүй бие засаж л таараа. Зургаан сарын 1-нд Шангри-ла зочид буудлын өмнөх цэцэрлэгийн өвсөн дээр хүүхдээ хүндрүүлж байгаа ч харагддаг. Энэ маш бохир. “Хүүхэд бие засах гээд байна. 00-руу чинь орж болох уу” гэвэл хэн ч үгүй гэхгүй шүү дээ. Гадаадынхан болоод л байдаг шүү дээ. Тэгэхээр Монголчууд ч бас болж л таараа.  Эцэг эхчүүд энэ асуудалд их ухамсартай хандаасай гэж боддог. Хүүхдийн буруу гэж байхгүй. Хүүхдийг хүмүүжүүлж байгаа тэр хүмүүсийн л буруу байж таарна.

 

-Залуусын тухайд?

-Манайд нэг Протукал улсын бүжиг дэглээч ирээд гудамжинд шүлсээ хаяж байгаа хүнийг харчихаад “This Mongolian style” гэж асууж байсан юм. Тэр үед маш сонин болсон. Хариулт хэлж чадахгүй инээгээд л өнгөрч байсан. Тэгэхээр гадны хүмүүст хүртэл монголчуудын хэв маяг нь гадаа шүлсээ хаях гэж ойлгуулж болохгүй шүү дээ. Үнэхээр нүдэн дээр шүлсээ хаячихсан болохоор үгүй ч биш, тийм ч гэж хариулж чадахгүй маш эвгүй байдалд орсон. Гэхдээ сүүлийн үеийн нийгмийн байдал, залуусын сэтгэлгээ их өөрчлөгдөж, олон сайхан зүйл болж л байх шиг байна. Наад зах нь хогоо ил задгай хаях нь багасаж байгаа нь анзаарагдаж байгаа. Ер нь энэ тэнд шүлсээ хаях нь багасаж байх шиг байна. Ингээд жижиг жижигхэн алдаагаа засчихвал Монгол улс илүү сайхан хөгжих болов уу гэж боддог юм. Тэгээд бас залуучууд маань соёлтой байгаасай гэж хүсдэг. Нэг нарийхан замаар зөрж өнгөрлөө гэхэд эмэгтэйгээ түрүүлж гаргаад дараа нь өөрөө гарчихдаг. Хайртай хүндээ хаалга онгойлгож өгдөг, наад захын хүндэтгэлтэй байгаасай гэж боддог оо.

 

Ярилцсанд баярлалаа.  Чамд амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ТЭНЭГ ЭЭ ДРАМ БИШ БАЛЕТ ОЙЛГОООООООО??????
2017-06-19
Tse Naran:
МУНДАГ БҮЖИГЧИН ШҮҮ, БҮТЭЭСЭН ДҮРИЙ НЬ ҮЗЭХ БҮРДЭЭ ЧАМААР БАХАРХДАГ, МОНГОЛЫН БАЛЕТЫН УРЛАГИЙГ АВЧ ЯВАГСДЫН НЭГ
2017-06-19
Го:
Чи яаж болох вэ? Будмал хулхи байна
2016-04-19
Зочин:
Ээжээ та тэнцэхгуй
2016-04-19
Зочин:
Naranbaatart nuhuulah ged bga yum u
2016-04-19
Зочин:
ТЭНЭГ ЭЭ ДРАМ БИШ БАЛЕТ ОЙЛГОООООООО??????
Amjilt:
Ярилцлага маш их таалагдлаа. Ухаантай охин байна. Чамд амжилт хүсье
2016-04-19
jijig:
Huurhun ohind amjilt husie,
2016-04-19
Bolomjgui !!!!:
Chi Julieta bolj bolohgui chadahgui !!!
2016-04-19
Зочин:
hoorhon uhaalag yariatai ohin bnaa. yariltslaga n ih taalagdlaa. amjilt, az jargal huseye.
2016-04-19
Зочин:
тэнэг нь дэндээд эхэллээл дээ
2016-04-19
irgen:
Ulam ix amjilt xusie.uxaantai sain Oxin bn
2016-04-19
ul tanih eej.:
ih huuhrun ,uhaalag ohin.ali deer neg televizeer.nevtruuleg ni garch bsan.mash ih taalagdsan,tsaanaa l neg nyalhamsuu enhriihen murtluu mash uhaalag hersuu ohin sangdsan.duu hooloi ni ch ih goe.sonsood l baimaar sonsogolontoi.tiim ih hunii setgeld gun setgegdel uldeeheer huuhed bn lee.neg kinond togloj baigaa,buu mart nertei geed yarij bsan .bi neg sonsood l te konoii neriig ni martaagui,getel sayahan ter kinoniih ni neelt bolj ene ohin oroltsoj bn lee.zaaval uznee.emegtei zaluu ohiduud neg iimerehuu ene ohin shig l baival ih zugeer baigaa yum da
2016-04-19