Надя Савченког суллахыг Путинээс хүсчээ
2016-04-19

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нар өчигдөр утсаар ярилцсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. “Удирдагчид хагас цаг орчим ярилцсан” хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав.

 

Порошенкогийн хүсэлтийн дагуу уг дуудлагыг хийсэн байна. Тэд Орос болон Украинд хоригдож буй иргэдийн асуудлаар ярилцжээ. Порошенко 22 жилийн ял сонссон нисгэгч Надя Савченког суллахыг Путинээс хүссэн байна.

 

Хариуд нь Путин Украины терроризмын эсрэг ажиллагааны үеэр баригдсан Оросын тусгайгийн хоёр ажилтанг суллах санал дэвшүүлжээ.

 

Украинчууд өнгөрсөн оны тавдугаар сард Луганск мужид босогчдын талд тулалдаж байсан Оросын хоёр цэргийг баривчилсан билээ. Александр Александров, Евгений Ерофеев нарыг терроризмыг өдөөн турхирсан хэмээн буруутгаж, 14 жилийн хорих ялаар шийтгэсэн юм.

 

Цэргүүдийг байцааж буй үеийн бичлэгийг интернэтэд байршуулж, “Тэднийг суллахыг хүсч буй бол Орост хилс хэргээр хоригдож буй нисгэгчийг сулла” хэмээн Порошенко мэдэгдсэн удаатай. Гэхдээ Оросын талаас хариу өгөөгүй юм.

 

“Удахгүй нисгэгч суллагдах эсэх асуудал тодорхой болно” хэмээн Украины Засгийн газраас мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин