0-1 насны хүүхэдтэй эхчүүдэд 2 цагийн цалинтай чөлөө олгоно
2016-04-19

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргажээ. 

 

Тогтоолоор улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт өгч, таслан зогсоох, халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Шуурхай ажлын хэсгийг Улсын онцгой комиссын дэргэд байгуулж ажиллуулахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгасан байна.   

 

Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг хүртлэх насны хүүхдийн эрүүл мэндэд хийх үзлэг, хяналтыг энэ оны 7 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд батлагдсан хуваарь, эцэг эхийн дуудлагын дагуу гэрээр зохион байгуулж, товлолын дархлаажуулалтыг долоо хоног бүрийн бямба гаригт шилжүүлэн зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

 

Нэг хүртэлх насны хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх, эцэг, эхчүүдийн хүүхдээ гэрээр асрах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа 0-1 насны хүүхэдтэй эхчүүдэд  энэ 7 дугаар сарын 1-нийг хүртэл батлагдсан төсөвтөө багтаан Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага дээр нэмж 2 цагийн цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт үүрэгдэв.

 

Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтны илүү цагийн байгууллагын шатахуун, ариутгал, халдваргүйтгэлд зориулан 982 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж олгохыг Сангийн сайд Б.Болор, Шадар сайд бөгөөд Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар нарт зөвшөөрчээ.

 

Эрүүл мэнд, спортын яамны дэргэд ажиллаж байгаа улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий тархварзүй, эмнэлзүй, эдийн засаг, санхүүгийн багуудын  үйл ажиллагааг эрчимжүүлж, цаг үеийн байдлын талаар долоо хоног тутам Засгийн газарт мэдээлж байхыг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад үүрэг болгов.

 

Улаанбурхан өвчнөөр өвчилсөн өвчтнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эмийн зардалд зориулан 453,9 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралд оруулж, хэлэлцүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор нарт даалгажээ.

 

Shuud.mn
Сонин хачин