Монгол-Энэтхэг улсууд бол сэтгэл, оюун санааны хөршүүд
2016-04-19

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан нар өнөөдөр /2016.04.19/ Монгол Улсын Их Хурал, БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/ хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараа хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийв.

 

БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан хэлсэн үгэндээ, “Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын дарга, Эрхэм хүндэт Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн гишүүд болон зочид оо. Та бүхний элэгсэг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлье. Элгэмсэг сайхан монгол оронд өөрийн орны парламентын төлөөлөгчдийг тэргүүлэн хүрэлцэн ирсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.

 

Манай хоёр орны хамтын ажиллагаа нь стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хийсэн уулзалт маш үр өгөөжтэй, харилцан ойлголцолд хүрсэний зэрэгцээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон хэлэлцээ хийлээ.

 

Энэтхэг Улс дэлхийн хамгийн том ардчилсан орон юм. Бидний хувьд ардчиллын урт хугацааны олон талт туршлагыг хуримтлуулж чадсан гэдэгт итгэлтэй байдаг. Энэхүү туршлага нь төлөөллийн ардчилал, ардчиллын үйл явц болон институцийг бэхжүүлэх чиглэлээр туршлага хуримтлуулсан болохыг онцлон  тэмдэглэе. Бид өөрсдийн хуримтлуулсан туршлагаа Монгол Улстай хуваалцахдаа үргэлж нээлттэй байдаг бөгөөд УИХ төдийгүй Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, албан хаагчидтай манай орны Лок Сабхагийн Тамгын газар туршлага солилцон, хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ. 

 

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, "Монгол Улсын “гурав дахь хөрш”, Монголын ард түмний “оюун санааны хөрш” Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим (Лок Сабха)-ын дарга Эрхэмсэг хатагтай Сумитра Махажаны Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай болж байгааг тэмдэглэхэд таатай байна.

 

Лок Сабхагийн даргын энэхүү айлчлал нь 2015 онд хоёр улсын харилцаанд “Стратегийн түншлэл” тогтоосны дараагаар хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог болж байна.

 

БНЭУ-ын Лок Сабхагийн даргын айлчлалын гол зорилго нь хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, өндөр дээд түвшинд хийх харилцан айлчлал, яриа хэлэлцээний залгамж чанар, давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж үр ашгийг дээшлүүлэхэд оршиж байгаа юм. Түүнчлэн Монгол, Энэтхэг хоёр улс нь олон улсын болон бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд амжилттай хамтран ажиллаж ирсэн уламжлалаа үргэлжлүүлэн цаашид ч мэдээлэл солилцож зөвлөлдөх, харилцан биенээ дэмжиж ажиллахаа нотоллоо" гэдгийг онцлон тэмдэглэлээ.

 

Мэдээллийн дараа  Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

 

МҮОНТ-ийн сэтгүүлч Б.Пүрэв:- БНЭУ-аас Монгол Улсад олгох нэг тэрбум ам.долларын зээлийн нөхцөл, ач холбогдолын талаар Та байр сууриа илэрхийлнэ үү?

 

БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан:-  “2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр БНЭУ-ын Засгийн газраас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдэхээр болсон. Энэ зээл Монгол Улсын дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт, хүний хөгжил болон институцийн хөгжлийг бэхжүүлэхэд зарцуулагдах юм. Энэхүү зээлийн нөхцөл болон ач холбогдол хоёр орны Засгийн газрын түвшинд яригдаж байгаа бөгөөд ирэх сард гэрээ хийгдэж дуусах төлөвтэй байгаа” гэлээ.

 

 

UBS телевизийн сэтгүүлч Ч.Бат-Оргил:- Хоёр орны парламентын харилцааны өнөөдрийн түвшинг хэрхэн дүгнэж байна вэ?

 

БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан:- “Манай хоёр орны хамтын ажиллагаа нь урт хугацааны туршид түүхэн, найрсаг харилцааг эрхэмлэж ирсэн. БНЭУ, Монгол Улс бол сэтгэл, оюун санааны хөршүүд гэж бид үздэг төдийгүй ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлдэг улсууд юм.

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд:- “Хоёр орны парламент хоорондын харилцан айлчлалууд зөвхөн хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй, хоёр улсын эдийн засаг болон бусад хамтын ажиллагаанд зохих ёсоор хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэтхэг Улс хамгийн хурдацтай хөгжиж буй том эдийн засагтай орон болж байгаа, цаашдаа ч гэсэн энэ хандлага үргэлжилнэ. Энэтхэг Улсын байр суурь, нөлөө дэлхийд дахинд болон бүс нутагт улам өсөн нэмэгдэж буйд баяр хүргэе. Монгол, Энэтхэг хоёр улс нь олон улсын болон бүс нутагт хамтран ажилласан туршлага их бий. Та бүхэн туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаад талархаж байна” гэлээ.

 

“МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч Н.Гантуяа:- Айлчлалын хүрээнд хийгдэж буй хэлэлцээнээс гарах үр дүнг Та хэрхэн харж байна вэ?

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд:- “Дэлхийн хамгийн том ардчилсан орон болох Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын туршлагаас суралцах хэрэгцээ бидэнд бий. Хэдэн зуун сая хүний саналыг авч тоолоод сонгуулиа хэвийн явуулах зэрэг Энэтхэгийн сайн туршлагаас бид суралцах хэрэгтэй. Айлчлалын үеэр Монгол Улсын Их хурал болон БНЭУ-ын Лок Сабха хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаас гадна хэлэлцээ хийсэн нь хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны эрхзүйн үндсийг бэхжүүлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж байна" гэв.

 

Мэдээллийн дараа БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан болон дагалдан яваа албаны хүмүүс Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы үйл ажиллагаатай танилцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин
УРИАЛГА:
ӨНӨӨДӨР ТА БҮХЭН МОНГОЛЫН НҮҮР ЦАРАЙГ ГАДНЫ УЛСУУДАД ГАРГАХ БОЛОМЖ ИЛҮҮТЭЙ НЭЭГДЭЖ БАЙГАА ТУЛ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНДӨӨ СОЁЛТОЙ ОРОЛЦОЖ, МАШИН ТЭРГЭЭ ЦЭВЭР ЦЭМБЭГЭР УГААЖ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА. ЭНЭХҮҮ АРГА ХЭМЖЭЭ САЯ САЯ ЖУУЛЧИН МОНГОЛД ИРЭХ ҮҮД ХААЛГА НЭЭГДЭЖ БАЙГАА ШҮҮ ЗАЛУУЧУУДАА. БИД МОНГОЛ ОРНЫГОО АВЧ ЯВАХ ТҮҮЧЭЭ ЗАЛУУЧУУД ШҮҮ УРАГШАА МАНАЙХААН
2016-04-20