Хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсооё
2016-04-21

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас санаачлагаар жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдрийг "Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр" болгон тэмдэглэж ирсэн. Эл өдрийг угтан Хөдөлмөрийн яамнаас "Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах нь" аяныг эхлүүлж буй талаар мэдээлэл өгөх,  уулзалт арга хэмжээг өнөөдөр “Хүүхдийн номын ордон”-д зохион байгууллаа.

 

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас хүүхдийн хөдөлмөрийн асуудалд онцгой анхаарал хандуулан, дэлхийн улс орнуудад жил бүрийн зургадугаар сарын 12-ныг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдрийг угтан Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах нь” нээлттэй аяныг орон даяар өрнүүлэх санал, санаачилга гаргаж буй аж.  Аяны зорилго нь  Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцийн үзэл санааг үндэслэл болгон хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох, хязгаарлах түүнтэй тэмцэх үйл ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг бүрэн устгахад чиглэх юм байна.

 

Энэ талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлэхдээ “Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас  “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг 2016 он гэхэд устгах дэлхийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг батлахдаа гишүүн орнуудын Засгийн газарт хандан хугацаат хөтөлбөрийг ажил олгогч эзэд, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын оролцоотой хамтран хэрэгжүүлэхийг уриалсан байдаг. Орчин цагт хүүхдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, хөгжил хамгаалал, хүүхдийн эрх гэдэг нь тус тусдаа ойлголт биш, цогцоор нь анхаарах асуудал юм. Тиймээс хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх хууль тогтоомж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлыг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхэлж буй хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг өргөтгөх, хүүхдийн хөдөлмөрийг багасгах, тэвчишгүй хөдөлмөрийг устгах үйл ажиллагааг зорилтот бүлэгт чиглүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байна. Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 тоот тушаалаар баталсан Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг мөрдүүлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдэд хандах олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг зөв төлөвшүүлэх, нөлөөлөх, оролцоог хангах, хяналт, мэдээллийн тогтолцоог шинэ шатанд гаргахад энэхүү аян чухал нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс иргэд олон нийтийг хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аянд нэгдэж, салбар бүртээ санал, санаачилга гарган, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг таслан зогсооход хувь нэмрээ оруулахыг уриалж байна” хэмээв.

 

Эл арга хэмжээнд НҮБ-ын элч дуучин, МУГЖ Т.Ариунаа оролцож ая дуугаа өргөлөө.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин