Трамп 20 долларын тухай ярив
2016-04-22

АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп өчигдөр “NBS” телевизийн “Өнөөдөр” шоунд оролцжээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд 2020 оноос гүйлгээнд орох шинэ 20 долларын дэвсгэртийн талаар ярьсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Трамп “Сангийн яам шинэ дэвсгэрт дээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч Гарриет Табмений зургийг хэвлэхээр болсон. Надад энэ эмэгтэй гайхалтай санагддаг. Тэрээр эмэгтэйчүүдийн төлөө их зүйл хийсэн. Харин өнөөдөр гүйлгээнд байгаа 20 долларын дэвсгэрт дээр АНУ-ын долоо дахь Ерөнхийлөгч Эндрю Жексоны хөрөг бий. Энэ эрхэм олон сайн болон муу зүйлийг хийсэн. Гэхдээ түүнд дуртай хүмүүс бий. Тиймээс түүнийг 20 доллароос авч хаях нь болчимгүй асуудал” гэж ярьжээ.

 

Хөтлөгч Трампаас “Тэгвэл бид яах ёстой вэ. Долларын хөргийг солих асуудлыг Конгресст даатгах уу эсвэл өөрсдөө шийдэх үү. Та эрх мэдэлтэн байсан бол ямар шийдвэр гаргах вэ” гэж асуухад тэрбээр “Хоёр ширхэг 20 долларын дэвсгэртийг худалдаанд гаргах хэрэгтэй. Гарриет Табмен болон Эндрю Жексоны зурагтай. Хүмүүс таалагдсан доллароороо гүйлгээ хийх хэрэгтэй. Энэ аргаар америкчууд хэнд хайртайг нь мэдэх боломжтой. Мөн энэ хоёр эрхмийг хамтад нь дэвсгэрт багтаах хэрэгтэй” гэж хариулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин