Филиппин улсын парламентын төлөөлөгчидтэй уулзав
2016-04-22 12:41

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүгд Найрамдах Филиппин Улсын Парламентын гишүүн Акуилино Пиметел тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2016.04.22/ хүлээн авч уулзав.

 

 

Уг уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хуралд дахь Монгол-Филиппиний парламентын бүлгийн дарга Д.Сумьяабазар, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс оролцов.

 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Филиппин Улсын Парламентын гишүүн Акуилино Пиметелийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд энэ оны 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний уулзалтад Бүгд Найрамдах Филиппин Улсаас дээд хэмжээний төлөөлөгчид оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

 

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд хоёр улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг эрэлхийлж, хамтран ажиллах сонирхолтой байгааг дурдав. Мөн Монгол, Филиппин хоёр улсын бизнесийн байгууллага, ажил хэрэгч хүмүүсийн хоорондын харилцааг өргөжүүлэх, бизнесийн төлөөлөгчдийг харилцан солилцох, бизнес уулзалтыг зохион байгуулах талаар хоёр талын яриа хэлэлцээг эрчимжүүлэх хэрэгтэйг онцолсон юм.

 

 

Бүгд Найрамдах Филиппин Улсын Парламентын гишүүн Акуилино Пиметел Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулж байгаад баяр хүргэсэн Филиппиний Сенатын Ерөнхийлөгчийн захидлыг гардуулан өгөв. Энэхүү уулзалтад оролцож байгаадаа баяртай байна. Хоёр орны нөхөрсөг харилцаа олон жилийн түүхтэй бөгөөд харилцан визгүй зорчдог. Гэсэн хэдий боловч хоёр улсын зорчигчдын тоо бага байна. Иймд энэ тал дээр парламентууд анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг тэрээр хэлсэн үгэндээ тэмдэглэв.

 

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хуралд дахь Монгол-Филиппиний парламентын бүлгийн дарга Д.Сумьяабазар хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх, цар хүрээг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлж, хууль тогтоох байгууллагуудын харилцаа нягт байвал иргэдийн харилцаа ч тэр хирээр бэхжихэд дөхөм болно. Монгол-Филиппин хоёр орны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах нь зүйтэй гэдэгтээ санал нэг байна гэлээ.

 

 

Бүгд Найрамдах Филиппин Улсын Парламентын гишүүн Акуилино Пиметел Филиппин Улс хүн ам ихтэй, тэр дундаа залуучуудын эзлэх хувь өндөр байдаг. Манай улсын боловсролын тогтолцоо сайн бөгөөд хамгийн сүүлд ерөнхий боловсролын тогтолцоогоо 12 жилийн тогтолцоонд шилжүүлсэн. Монгол Улсаас оюутан, сурагчид суралцах боломж бий. Мөн аялал жуулчлалын салбар түлхүү хөгжсөн. Манай хоёр орон байгалийн нөөц баялаг ихтэйгээрээ адилхан. Тиймээс энэхүү баялагийг хэрхэн зөв, үр ашигтай ашиглах талаар танай орны туршлагаас судлах хүсэлтэй байна гэлээ.

 

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Филиппин Улсын аялал жуулчлалын компаниуд Монголд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж их бий. Манай улс 11 дүгээр сараас 3 дугаар сар хүртэл байгалийн цастай байдаг. Мөн өвлийн улиралд манай иргэд халуун дулаан орныг зорих нь элбэг байдаг гэдгийг дурдав.

 

 

Монгол Улс Зүүн Өмнөд Азийн орнуудтай хоёр тал болон олон талын харилцаа хөгжүүлэхийг эрмэлзэж байдгийг цохон тэмдэглээд энэ хүрээнд Филиппин Улстай хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодлого баримталж байна. Монгол Улс АСЕАН-тай ойртон түншлэх, яриа хэлэлцээний түнш, улмаар Зүүн Азийн дээд түвшний уулзалтын оролцогч улс болох, АПЕК-т гишүүнээр элсэх эрмэлзэлтэй байгаагаа нотолж, энэ чиглэлээр Монгол Улсын явуулж байгаа үйл ажиллагааг Филиппин Улс дэмжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн НҮБ, түүний системийн байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хоёр орон бие биедээ дэмжлэг үзүүлж, идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин