Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан жагслаа

Мексикийн олон мянган оюутнууд Ерөнхийлөгч Энрике Пеня Ньетог эсэргүүцэн жагссан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Оюутнууд, 2014 оны есдүгээр сард сураггүй алга болсон 43 оюутны хэргийг шалгахад Ерөнхийлөгч саад учруулж байна хэмээн түүнийг буруутгаж, огцрохыг шаарджээ.
Жагсагчид нийслэл Мехико хотноо байрлах Ерөнхийлөгчийн ордон руу чулуу болон улаан лооль шидсэн байна. Цагдаагийнхан жагсаалыг хүчээр тарааж, хэд хэдэн хүнийг баривчилжээ.
Игулла мужийн Багшийн их сургуулийн оюутнууд 2014 оны дундуур сургалтын төлбөр болон сургуулийн удирдлагуудаа эсэргүүцэн тэмцсэн. Уг жагсаалыг зохион байгуулсан гэгдэх 43 оюутан жагсаалын үеэр сураггүй болжээ. 2015 оны эхээр нэг оюутны цогцсыг олсноор тэднийг амиа алдсан болохыг тогтоосон юм. Харин эрх баригчид өнгөрсөн оны аравдугаар сард оюутнуудыг амиа алдсан хэмээн зарласан билээ.
Оюутнуудын үхэлтэй холбогдуулан Игулла мужийн захирагчийг баривчилсан. Мөн хар тамхины “Геррерос Унидос” бүлэглэлийн 15 гишүүнийг баривчилсан юм. Тэд мэдүүлгийнхээ үеэр оюутнуудын аминд хүрээд дараа нь шатааж, чандарыг нь голд хаясан гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ