Пхеньян баллистик пуужин харважээ
2016-04-25

Хойд Солонгос улс энэ амралтын өдөр шумбагчаас баллистик пуужин харвасан хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ. Туршилт амжилттай болсныг “KCNA” агентлаг баталж, цахим сайтдаа хэд хэдэн зураг нийтэлжээ. Уг туршилтыг Ким Чен Ун удирдан явуулсан байна. 

 

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам “Хойд Солонгос энэ бямба гаригт усан доогуур шумбагчаас пуужин харвасан” гэж мэдээлжээ. Энэхүү туршилтаас тав хоногийн өмнө Хойд Солонгос алсын тусгалтай пуужин туршсан боловч бүтэлгүйтсэн билээ. Тус улс энэ оны эхээр дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийсэн. Харин хойдууд удахгүй тав дахь удаагаа цөмийн туршилт хийхээ мэдэгдсэн билээ.

 

Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд өчигдөр олон улсад хандан цөмийн туршилтаа зогсоох болзол тавьсан юм. Тэрбээр “Хэрвээ АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоовол бид цөмийн туршилт хийхээ хэсэг хугацаанд зогсоох болно” гэж мэдэгджээ.

 

НҮБ-аас “Хойд Солонгос олон улсын шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, зөрчсөн тохиолдолд тус улсын эдийн засгийн байдал улам доройтох магадлалтай” хэмээн сануулсан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин