Урлагийнхан хавдрын эсрэг нэгдэнэ
2016-04-25

 

Элэг шилжүүлэн суулгах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэс заслыг дэмжих зорилгоор “Элэг нэгт монголчууд” сан байгуулагджээ. Эл сангийн санаачлагаар Монголын урлагийн 5 байгууллага нэгдэн тавдугаар сарын 14-нд нэгэн зэрэг тоглолт хийхээр болсон байна.

 

 

“Элэг нэгт монголчууд” сангийн удирдлагууд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ХӨСҮТ-д нутагшуулах бүрэн боломжтой хэмээн үзэж буй аж. Улмаар мэс заслыг хийхэд шаардлагдаж буй 1 тэрбум төгрөгөөр үнэ бүхий өндөр өртөгт тоног төхөөрөмжийг авахыг зорьж буй гэнэ. Түүнчлэн мэс заслын баг болох 25-30 хүний бүрэлдэхүүнтэй багийг БНСУ, Энэтхэг улсад богино хугацааны сургалтад хамруулах аж. Үүний тулд ард түмэн болон төрийн мэргэжлийн урлагийн байгууллагаас хандив хүсчээ. Хүсэлтийн дагуу УДЭТ, ҮДБЭЧ, УДБЭТ, Улсын филармони, Хүүхэлдэйн театр тавдугаар сарын 14-нд хандивын тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

 

Хорт хавдрын эсрэг тэмцэх болсон тухайгаа урлагийн байгууллагын удирдлагууд ийн тайлбарлаж байна.

 

Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байна

 

УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу

 

-Нийгмийн хариуцлага гэдэг нь төрийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн халамжийг сайжруулах, хүний эрхийг хамгаалах талаар төрийн албан хаагчид, улс төрчид, үйлчилгээ үзүүлэгчдийн хийж байгаа ажил, гүйцэтгэлийг хариуцлагатай болгохоор иргнэий бүлгүүдийн санаачилсан ажлуудыг хэлэх юм. Тиймээс соёл урлагийнхан бид бүхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан, бусдын сайн сайхны төлөө “Элэг нэгт монголчууд”  сангийн хандивын аянг дэмжиж “Урлагийнхан хаврдын эсрэг” уриан дор нэгдэж байна. Өвчин гэдэг нас хүйс, мэргэжил үл хамааран хэлж ирдэггүй хийсч ирдэг. Тиймдээ ч бид жүжигчин Ц.Батхуяг, найруулагч О.Машбат зэрэг олон сайхан уран бүтээлчдээ хорт хавдар гэх аюулт өвчэнөөр алдаад байна. Мөн урлагийнхан нэгдэж “Халуун сэтгэл” тоглолтыг зохион байгуулж чадсанаар жүжигчин Б.Баатархүүг аюулт өвчнөөс салгаж чадсан. Тийм учраас өвчинд зовж шаналж буй нэгэндээ сэтгэл санааны болон эд материалын баг ч болов тус дэмийг хүргэхийг зорьж байна.

 

Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна

 

ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Буянбаатар

 

-Миний нэг бодож явдаг аймшигтай зүйл бол 1990 оноос хойш зах зээлийн, эдийн засгийн харилцаанд шилжээд  хүнсний аюулгүй байдал алдагдсан. Зах зээлийн нийгэм нэрийн дор чанаргүй, замбараагүй хүнс худалдаагдах болсон. Хүнс нь эрүүл байвал хүн нь эрүүл байна. Хүн эрүүл байсан цагт хөх тэнгэрийн дор цөөхүүлээ байх нь хамаагүй аж жаргалтай амьдрах нь дамжиггүй. Тэгэхээр хүнсний хяналтаа анхаарахгүй бол хүнсээр дамжиж хүмүүс хордоод байна гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Элэгний хорт хавдар гэдэг өвчин дэлхий нийтэд аюулын харанга дэлдэж олон зуун мянган хүн энэ өвчний хор уршгаар хорвоог орхиж байна. Байгаль орчны хүчин зүйл, хүнсний зохистой бус хэрэглээ, амьдралын буруу дадал хэвшлээс үүдэлтэй энэ өвчлөл Монгол хүний удмын өв санд хөнөөлт аюулт болж байна. Тиймээс ч энэ өвчтэй тэмцэх хэрэгтэй хэмээн дуу хоолой болохын тулд энэхүү аянд нэгдэхийг зөвшөөрсөн.

 

Бид зовлонг нь сайн мэднэ

 

Улсын филармонийн дарга МУУГЗ Ч. Даваасүрэн

 

-Жил гаруйн өмнө энэ хүнд өвчнөөр манай алдарт морин хуурч, ерөнхий удирдаач АЖ Батчулуун нас барсан. Тэгэхээр манай хамт олон энэ зовлон маш сайн мэднэ. Тийм учраас бид энэ аянд нэгдэх саналыг баяртай хүлээж авсан. Тавдугаар сарын 15-нд Дэлхийн гэр бүлийн өдөр тохиодог. Эл өдрийг Улсын Филармонийн хамт олон сүүлийн 5 жил тэмдэглэн өнгөрүүлж, тоглолт хийсээр ирсэн. Тэгэхээр энэ жил тус өдрийг тохиолдуулан тавдугаар сарын 14-нд “Соёлын төв өргөө”-нд 170 гаруй уран бүтээлчийн нэгдсэн тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолтыг “Элэг нэгт монголчууд” аянд зориулах юм.

 

Ард түмнээ гэх сэтгэлтэй байх ёстой

 

УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул

 

-Статистик мэдээнээс харахад манай оронд 15 мянга гаруй хорт хавдартай хүн амьдарч  байна. Жилд дунджаар 5 мянга гаруй хүн хорт хавдраар өвдөж, түүний 3 мянга гаруй нь нас барж байгаа гэсэн дүн шинжилгээ байна. Энэ цаг үед уг хөнөөлт өвчний уршиг, нас баралтыг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээний чадамжийг сайжруулах, ард иргэдэд зөв зохистой мэдээллийг түгээх зүй ёсны шаардлага тулгараад байна. Тиймээс соёл урлагийн салбарынхандаа хандаж  тавдугаар сарын 14-ныг зөвхөн энэ өвчний эсрэг зориулсан тоглолтыг зохион байгуулаасай гэж уриалах байна. Урлагийнхан өвдлөө гээд хандивын тоглолт хийхэд ард түмэн маань халаасаа тэмтэрч байгаад талхны мөнгөө хүртэл шавхаж өгдөгт бид маш олон жил баярлаж ирсэн. Энгийн ард түмэн маань дээр байгаа төр засгаас илүү бидэнд ээлтэй ханддаг учраас бид ч ард түмнээ гэх сэтгэлтэй байх ёстой. 

 

Тавдугаар сарын 14-нд:

  • Улсын Драмын Эрдмийн Театр - У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр - Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийг,
  • Улсын филармони – 170 уран бүтээлчийн нэгдсэн концертыг тус тус тоглох нь ээ. Түүнчлэн эл өдөр 21 аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагууд орон нутагтаа хандивын тоглолт өрнүүлэх аж.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
umaa zov bichech haldvar bish havdar sudlaliin undesnii tov shuu de
2016-04-25