Н.Энхбаяр: Би өнгөрсөн хугацаанд мэдлэгээ жаахан дээшлүүллээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, дэд дарга Э.Эрдэнэжамъян, намын хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга нар өнөөдөр МАХН-ын Бага чуулганаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэд ирэх зургадугаар сард болох бүх шатны сонгуульд дангаараа оролцох болсноо зарласан юм.
МАН-тай эвсэх тухай яриа эртнээс явж, энэ талаар ажлын хэсэг гарч тохироонд хүрсэн ч МАН-ынхан дангаараа орно гэдгээ Бага хурлынхаа дараа зарласан. Тэд анхнаасаа сонгуульд эвсэх хүсэлгүй байсан гэдгийг намын дарга онцоллоо. Мөн МНН-тай хамтрах тухай ярьсан ч тус нам Тусгаар тогтнолын намтай эвсчихсэн, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг бидэнтэй эвсэх хүсэлтэй байгаа ч С.Оюун, С.Дэмбэрэл нар АН-тай нэгдэх байр суурь илэрхийлсэн учраас эвсэх тухай асуудал мөн л хүчингүй болсон гэв.Өнгөрсөн хугацаанд хамтарч эвсэл бүрдүүлсэн МҮАН-ынхан мөн л дангаараа гэсэн шийдвэр гаргажээ. Мэдээллийн дараа сэтгүүлчид Н.Энхбаяр даргаас цөөн асуултад хариулт авав.
Тодруулбал, сонгуульд оролцох эсэх асуудлаар түүний байр суурийг сонсоход “Би сонгуульд орно. Ямар нэгэн хууль зөрчсөн хориг байхгүй. Гэхдээ зохиомол хэрэг үүсгэж, сонгууль болохоос өмнө шийдвэр гаргах гэж улайрч байгаа. Утгагүй асуудлуудыг надад тулгаж, айлган сүрдүүлэх ажиллагаа явагдаж байгаа. 2012 онд миний мэдлэг боловсрол УИХ-ын гишүүнээр ажиллахад хүрэхгүй гэсэн үндэслэлээр намайг сонгуулиас хассан. Энэ хугацаанд би мэдлэгээ жаахан дээшлүүлсэн” хэмээлээ.
Мөн Цэцийн гаргасан шийдвэр нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргасан асуудал хэмээгээд захиалгатай, луйврын шинжтэй зүйл хэмээв. Мөн энэ сонгуульд оролцохгүй бол асар том луйвар явна гэдгийг ч энэ үеэр онцлов.
Б.Тогтох
СЭТГЭГДЭЛ БИЧИХ