Иргэний улсын бүртгэлийн хуулийг хэлэлцэхийг дэмжив
2016-04-29

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Иргэний улсын бүртгэлийн тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

 

Хуулийн төсөлд иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх одоо мөрдөгдөж буй хугацааг хэвээр хадгалж, иргэний бүртгэлийн байгууллагаас баримт бичгийг хүлээн авч, бүртгэл хөтлөх хугацааг судалгааны үндсэн дээр, боломжит байдлаар тогтоож, бүртгэл тус бүр дээр хугацаа зааж, тодорхой болгосон байна.  Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний иргэний улсын бүртгэлийн асуудлыг холбогдох бусад хуультай нийцүүлэх чиглэлээр бүртгэл тус бүрт өөрчлөлт оруулжээ. Мөн зарим төрөл (овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчилсний, гэрлэлт цуцалсаны, үрчилсний)-ийн бүртгэлд бүртгэлийн гэрчилгээг олгодог зохицуулалтыг хасч, зөвхөн төрсний, гэрлэсний, нас барсны бүртгэлд гэрчилгээ олгож байхаар шийдвэрлэж, бусад бүртгэлд зөвхөн лавлагаа олгодог байхаар зохицуулжээ. Түүнчлэн  хүүхэд үрчилсний болон овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийг хөтлөхөд Засаг даргын шийдвэрийг үндэслэдэг байсныг өөрчилж, хүүхэд үрчлэлтийн бүртгэлийг шүүхийн шийдвэрт үндэслэн, харин овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийг улсын бүртгэгч бүртгэхээр тус тус тусгасан байна.  Иргэдийн шилжилт хөдөлгөөний /байнга болон түр/ бүртгэлийн зохицуулалтыг нарийвчлан тусгасан бөгөөд 365 хоногоос дээш хугацаагаар оршин суухыг байнга шилжин суурьших, 365 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухыг түр шилжин суурьших гэж тодорхойлж, шилжилт хөдөлгөөнийг зөвхөн оршин суух газраа бүртгүүлдэг байхаар төсөлд тусгасан аж.

 

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж хариулт авсан юм. Иргэний улсын бүртгэлийн тухай шинэчилсэн найруулгын төслийг гишүүдийн олонхи дэмжлээ. Тиймээс   уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлэв.

 

Ийнхүү чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин