Иракт халдлага гарч, 33 хүн амиа алджээ
2016-05-03

Иракийн өмнөд хэсгийн Самава хотноо хэт даврагчид халдлага үйлдсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Халдлагын улмаас 33 хүн амиа алдаж, 200 гаруй гэмтсэн байна. Амиа золиослогчид Самава хотноо байрлах Захиргааны байр болон Шийтийн сүмийн дэргэд өөрсдийгөө егүүтгэсэн аж.

 

Уг халдлагыг хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн болохоо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Хэт даврагчид “Иракийг эзлэх хүртлээ бид зогсохгүй” хэмээн мэдэгдсэн байна.

 

Шийтийн шашныхан Засгийн газрын бодлогыг эсэргүүцэн, нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Жагсагчид амралтын өдөр Багдад хотноо байрлах ногоон бүс рүү дайрч, парламентын гишүүдийг барьцаалсан билээ. Уг үйл явдалтай холбогдуулан Багдад хотноо онц байдал зарласан юм. Цагдаа, хүчнийхэн Багдад хотыг хамгаалж байх хойгуур хэт даврагчид Иракийн хотуудад цуврал халдлага зохион байгуулах нь нэмэгджээ.

 

Хэт даврагчид өөрсдийнх нь эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг шаардаж буй шийтүүдийг хүйс тэмтрэхээ өчигдөр мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин