“Шар” эрх чөлөө
2016-05-03

Өнөөдөр эрх чөлөөний өдөр. Ардчилсан чөлөөт нийгэмд амьдрах хэн ч үзэл бодлоо дураараа хэлж болохыг сануулсан өдөр. Сануулсан гэхийн учир бий.

 

Монголын хэвлэл мэдээлэл бүгд улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж. Хуулийн этгээд болохын хувьд дүрэмтэй татвараа төлдөг хуульд нийцүүлж үйл ажиллагаа явуулдаг. Бас эзэнтэй. Мөн бусад ААН-ээс ялгарах онцлогтой.

 

Хөөрхий жирийн компаниуд хоёрыг гаргаад гурвыг олохын төлөө зүтгэдэг бол телевиз сонинтой компаниуд өөр. Тавыг гаргаад хоёрыг олж байсан ч хэвийн ажиллаад байдаг юм. Цаанаа санхүүжүүлэгч буюу нууц эзэдтэй учир алзахгүй.

 

Хоёр тэрбум хүрэхгүй зар сурталчилгааны зах зээл дээр 140-өөд телевиз давгүй өрсөлдөөд л дампуурахгүй байгаад л байна. Эрэлт байхгүй байхад нийлүүлэлт хийгээд байгаатай адил. Энэ нөхцөлд эзэнд үйлчилсэн буюу эзний талыг “өмөөрсөн” дуу хоолойтой телевиз хэвлэл, Христийн ч юм уу шашны сүм хоёр дүндээ адилхан. Үнэгүй өгөөд байгаа гоё гоё нэвтрүүлэг мэдээний хариуд оюун сэтгэлгээ үзэл бодлоо өөрчлөгдсөн хэмжүүрээр буюу тархиа хэр угаалгасан үзүүлэлтээр хариу үнэлгээ авна.

 

Өргөн утгаараа хэвлэлийн эрх чөлөө бол засаглал завхарч, ардчилал алагчлалтай болохоос нийгмийг хамгаалах дархлааны асуудал. Манайд энэ дархлаа сар улирлаар бус өдрөөр алдагдаж байгааг эрх чөлөөнийхөө ганц өдөр цээжнийхээ мухраас хэлмээр.

 

Ардчиллын эхэн он жилүүдэд шар сонин сугавчлаад хоосон сүүний бидон бариад алхаж яваа настнууд их харагддаг байлаа. Тэд хэвлэлээс улс төрийн нууцыг мэдэж болдгийг мэдэрсэн тул сүүний мөнгөө сонинд өгчихдөг байсан. 90-ээд оны эхээр олж авсан бидний хэвлэлийн эрх чөлөө “шар” байсан. Сэтгүүл зүйн шинэ үеийнхэн бараг бүгд шар хэвлэл сонин барьж авсан. Сайн ч дэгсдүүлдэг, улстөрчдөө ч сүрхий гөвдөг байсан. Гэхдээ захиалагчгүй ардаа түлхээсгүй. 

 

Ардчилсан сонгуулийн дараа хөрөнгөжсөн эрх баригчид хамгийн том дарангуйллыг бий болгох жижигхэн алхам хийсэн нь хэвлэл сониныг гартаа хийх зарцаа болгох санаархал байлаа. “Найз нь сонинтой ш дээ. Тэрийг энийг наах уу...” гэж шинэ баячууд үдийн зоогон дээр үнсээ сонин дээрээ шидэж суусан үе саяхан. Ингээд дарга ялаа хоёрыг сониноор алж болдог эрин эхэлсэн. Өдгөө сошиалаар алдаг болтлоо задгайрсан энэ гажуудал үнэн хэрэгтээ хэвлэн нийтлэх, үгээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэдэг халхавчтай байсаар байгаа. Хэвлэлийн чөлөө маань төгс биш зүгээр “шар” байна.

 

Сонин дараа нь телевизийг бүгдийг гартаа хийж авсан эздийн жагсаалтыг гаргавал дугаар хорооны жирийн нэг ч иргэн байхгүй. Хэн нэгэн байсан бол дампуурсан нь тодорхой.

 

Өдгөө бид үзэх Телевиз суваг ихтэй болсон ч үнэн гэдэг ганцхан юмыг алинаас нь ч олж харахаа болиод байгаа. Хэвлэлийн эрх чөлөө нь хараат бус сэтгүүл зүй бий болсноор баталгаажина гэдэг. Хараат байхын язгуур суурь нь эдийн засгийн асуудал болж ирнэ. Зах зээлд шударгаар өрсөлдөж ялж гарсан нь санхүүгийн хувьд хөл дээрээ босож Хэвлэлийн эрх чөлөө гэсэн бамбарыг гартаа бариад буухиаг үргэлжлүүлэх ёстой. Шударга өрсөлдөөний салхинд асаж байх учиртай энэ бамбарыг тойрог бүрт үлээсээр унтраах замдаа орсон. Эрх чөлөөний буухиа бараг зогссон ба хэвлэлийн эрх чөлөө манайд нүд аньж байгааг хэлэхээс цэрвэх хэрэггүй.

 

Эцэст нь хэлэхэд, аливаа редакци, хэн нэг сэтгүүлч үнэнийг шараар биш эх сурвалжтай эзэн баримттай тавьчихад арыг нь баараггүй даах тийм хэвлэлийн эрх чөлөөний төгс хууль хэзээ  батлагдах юм бэ.

 

“Хаана байна, тэр хэвлэлийн эрх чөлөө чинь...” гэж хамаг дураараа хашгирмаар бол хашгирцгаая. Өнөөдөр чинь хэвлэлийн эрх чөлөөний өдөр шүү дээ.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин