Монгол зургаан байр ухарчээ
2016-05-03

“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулав. Энэ талаар “www.rsf.org” мэдээллээ.

 

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд жил бүрийн энэ өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласан билээ. Энэ өдрийг тохиолдуулан олон улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулдаг уламжлалтай. Тус байгууллагын шинжээчид 180 орны хэвлэл мэдээллийн эрх чөлөөний нөхцөл байдлыг 0-100 оноогоор үнэлж, жагсаадаг юм.

 

Онооноос шалтгаалан “Эрх чөлөөтэй”, “Хагас эрх чөлөөтэй”, “Хаалттай” хэмээн ангилдаг байна. Жагсаалтад  Финлянд 8.59,  Голланд 8.76, Норвеги 8.79 оноогоор эхний гурван байрт бичигджээ.

 

Харин Монгол Улсын хувьд 27.61 оноогоор 60 дугаар байрт бичигджээ. Өнгөрсөн онд Монгол 24.57 оноогоор 54 дүгээр байрт бичигдсэн. Ийнхүү зургаан байраар ухарсан шалтгааныг тус байгууллага  “Хэтэрхий нэг талыг барьсан мэдээллийг иргэдэд хүргэдэг. Мөн сэтгүүлчдийн эрхэнд халддаг. Сэтгүүлчдийн цалин бага. Байгаль орчны асуудлаар бичдэг сэтгүүлч хангалтгүй” хэмээн тайлбарлажээ.

 

Хэдий Монгол 60 дугаар байранд жагссан боловч Азидаа эхний хоёрт бичигдсэн амжилт үзүүлсэн байна. Азид хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг улсаар Тайванийг нэрлэжээ. Тайвань 24.37 оноогоор 51 байрт жагссан аж. Азийн хамгийн хүчирхэг эдийн засагтай Хонконг 28.50, Өмнөд Солонгос 28.58, Япон 28.67 оноогоор Монголын ардаас удаалжээ.

 

Ази тивээс хэвлэлийн эрх чөлөө хамгийн их зөрчигддөг улсаар БНХАУ, Хойд Солонгос улсыг нэрлэжээ. БНХАУ 80.96 оноогоор 176  байрт жагссан бол Хойд Солонгос 83.76 оноогоор 179 байрт бичигдсэн байна.  

 

“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага хэвлэлийн эрх чөлөө нээлттэй улсыг цагаан өнгөөр, хэвлэлийн эрх чөлөө хаалттай улсыг улаан болон хараар тэмдэглэдэг юм. Харин хагас эрх чөлөөтэй улсыг шар болон улбар шараар тэмдэглэдэг. Улбар шарыг хэвлэлийн эрх чөлөө хэлбэлзэлтэй хэмээн шинжээчид тайлбарладаг.

 

2002-2008 оны хооронд Монгол улс 89-97 хооронд бичигдэж байсан. Харин 2009-2015 оны хооронд эхний 50 байрт багтах болсноор Монголын газрын зургийг улбар шараар тэмдэглэх болжээ.

 

 

Дэлхийн хүчирхэг гүрнүүд болох ОХУ 49.03 оноо авснаар 148 байрт жагссан бол Герман 14.80 оноогоор 14, Австрали 17.84 оноогоор 25, Франц 23.83 оноогоор 45, АНУ 22.49 оноогоор 41 байрт тус тус жагсчээ.

 

ОХУ сүүлийн таван жилийн хугацаанд огцом байр ухарсаар байна. Энэ талаар шинжээчид “ОХУ-ын эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөг боомилохгүй хэмээн амладаг ч үнэн хэрэгтэй сэтгүүлчдийг үргэлж мөрдөж, тагнадаг. Таван жилийн хугацаанд 100 гаруй хэвлэлийн байгууллага хаалгаа барьсан” гэсэн байна.

 

Иргэний дайн дэгдээд буй Сири улс уг жагсаалтын 177 байрт жагсчээ. “Дайны улмаас тус улсад хэвлэлийн эрх чөлөө үгүй болсон” хэмээн тайлбарлав. Босогчдод газар нутгаа алдаад буй Украин улс 32.93 оноогоор 107 байрт жагссан байна. Петр Порошенко төрийн тэргүүн болсны дараа хэвлэлийн эрх чөлөө хаалттай болсон аж. Тэрбээр мөн Оросын сувгуудыг хааж, сэтгүүлчдийг хөөн гаргасан гэдгийг “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас онцолжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
монголд чөлөөт хэвлэл гэж бхгүй болсон. АН-ынхан зримыг нь худалдаж авсан, ихэнхийг нь нухчин дарж дарамтанд оруулсан гэж боддог. хэвлэлийнхэн ч өөрснөө маш увайгүй шүү үүнийг анхаар
2016-05-04
IRGEN:
MONGOLIIN HEVLEL MEDEELEL BUGD HUDALDAGDSAN, ZAHIALGAT NEVTRUULEG MEDEE TSATSDAG
2016-05-04
Зочин:
Монгол хар улаан байх естой. Хэвлэлийн эрх чолоо юу ч байхгуй.
2016-05-03