Өдөр болгон л нэг үйл явдлын үргэлжлэл, хэдхэн улстөрчийн тухай ярьж бичиж суух. Өөр чухал сэдэв ч гэж улс оронд байхгүй болсон мэт болохоор сонгуулиа л ярьж цаг нөхцөөх.
Өчигдөр цэцийн шийдвэрийг Их хурал хүлээж авангуут улс төр ээлжит дуулиан шуугианаа эхлүүллээ. Хос шарга гэдэг шиг улс төрд дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг болсон Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар үг үйлдлээ нэг хүнээр заалгахгүй гээд намаа орхиж бүлгээ байхгүй болголоо. Учир шалтгаан нь тодорхой. Намын даргын гарт базуулж суух улстөрчид биш. Ч.Улаан гишүүний хувьд нэлээн эртнээс эхэлсэн гомдол нь саяхан бүтэлгүйтсэн хоёр намын эвслийн асуудал дээр бараг шулуудсан байх. Салсан намаа эвсүүлэх цаашлаад нэгтгэх зангилааг хийж бичиг баримт гэрээ тохироог гардаж байсан хүний хувьд Н.Энхбаяр даргынх нь гэнэтийн хууралт нь улстөрчийн талаасаа Ч.Улаан гишүүнийг тун гоомой хүн болгож нийгэмд харуулсан.
Оймс гозолзоход дэргэд нь суусны хариу энэ. Одоо Н.Энхбаяр дарга нь бүрэн эрхээ эдэлж нэр дэвших боломжоо олж авлаа. Ингэж сэвийж сэмбийх үед нь орхиж байгаа тул нэр цэвэр гээд хос хоёр хуучин нам руугаа хөтлөлцөөд алхлаа. Цааш задалж харвал манайд улс төрийн нам гэдэг сороод хаядаг тамхины иш мэт үнэ цэнэгүй, бас дэндүү намхан босготой болжээ. Бие даагчид үүн дээр МАХН-ын хоёр гишүүн МАН-ын босгыг буцаад давлаа.
Сонгуульд оролцож байгаа аливаа субьект амжилт гаргахын төлөө бүхнийг хийж хүчээ зузаална. Бүхий л боломжийг ашиглах учиртай. Энэ талаасаа МАН өөрсдийг нь тархидсан Н.Энхбаярын хүчийг сулруулангаа нэр дэвшигчдийнхээ чансааг нэмээд авч байгаа юм. Энэ үзэгдэл улстөрчийн шийдвэр талаасаа зөв хэдий ч тогтоож буй жишгээрээ бол сөрөг талдаа бууна. Намын дүрэмд нэг ба хоёр жил, дор хаяж хагас жилээс дээш тухайн намын гишүүнээр байсан нөхцөлд Их хурлын болон Орон нутгийн сонгуульд нэр дэвших босго тавьдаг дэлхийн гэж болохоор жишиг байдаг. Энэ лав манай намуудад падгүй болсон байна.
Хос хоёрын алхаанд “Шударга ёс” эвсэл задарлаа. Ард түмний итгэж өгсөн 10 суудал хайран. Бүлэг болсны хэргийг бүтээж хууль тогтоох эрх мэдлээрээ иргэд сонгогчдынхоо төлөө юу амжуулав гэж асуумаар.
Улс төрийн төлөвших процессынхоо дунд явж байгаа гэх зөвтгөлтэй ХҮН-ын тухайд хүн ойлгоход бэрх боллоо. Төрийн эргэлт гарч буй мэт хоёр талаас тамгатай цаас шидэлцэж, бие биенийгээ намаасаа хөөсөн мэдэгдлийг хоёр цагийн зайтай хэвлэлээр гаргах боллоо. Хаа нэгтээгээс хор гүйлгэсэн бол бүрэн үйлчилжээ. Энэ намынхан С.Ганбаатараа гадуурхаж хөлөө жийлцсэн цагаас өөдөлсөнгүй. Жинхэнэ тамгатай хүнээ тодруулж учраа олох завгүй үед нь сонгуулийн горьтиг аль хэдийн татагдлаа.
Айхтар даргынхаа сайн боловсруулсан стратегиэр зорилгодоо ойртож байгаа АН одоо тойргынхоо дотоод тулаанаа эхлүүлсэн бололтой. Өчигдөр хурлаа уяж хойшлуулсан мэдээ байна. Жагсаалтаас суларсан 24 суудлыг тал голоор нь еэвэндэж хотод талыг нь АН өмчилж, хөдөөд талыг нь МАН эзэмшихээр болсон ч тулаад ирэхээр зөрчил үүдэж байгаа бололтой. Хоёр намын энэ тохирооноос харвал энэ жилийн сонгуульд хөдөөгийнхөн ялах уу, хотынхон ялах уу гэсэн өвөрмөц уралдааныг эхлүүлж байна. Үндсэндээ улаан цэнхэр гэсэн хоёр л том тойрогтой болсон мэт.
Их хурлаа хийж дотоод асуудлаа цэгцэлсэн намын шинэ дарга Г.Уянгын эхний улс төрийн мэдэгдэл Ерөнхийлөгч рүү чиглэлээ. Улсад их хэмжээний хохирол учруулсан гадаадын иргэнийг уучилсан нь хууль ёсонд нийцэх эсэх талаар Цэцэд хандах бололтой. Цэцийн дүгнэлтээс хамаарч улс төр донсолдог дуулиан дуусахгүй үргэлжлэхээр байна. Одоогоор цагдаагийн дарга Чингисийг шахасхийгээд чимээгүй байгаа Женкогийн үг Г.Уянга даргын мэдэгдэлд хавчуулагдсан гэх хардлага ажиглагчдын хүрээнд байгаа. Энэ тойрогт бол ээлжит дуулиан босгох бэлтгэл хоёр талаас зэрэг явж байгаа гэж хүлээж болохоор.
Сонгуулийн хуулийн өөрчлөлтөө хийгээд, тойргийн зодооноо дуусгаад, нэр дэвшигчдээ тодруулаад тэгээд нэг юм жинхэнэ сонгууль эхэлнэ. Урьдын түүхийг бодвол ялах ялагдах эрсдлээ тооцож хуулиар наадсан талаасаа бол энэ жилийн сонгуулийг их эрт эхэллээ гэж тэмдэглэж болохоор байна.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/