Морин хуурыг дэлхийд сонордууллаа
2016-05-05

Монголын Урлагийн зөвлөл, Улсын филармони, Морин хуурын Дэлхийн холбоотой хамтран морин хуурын олон улсын  наадмыг тав дахь удаагаа зохион байгуулж байна. Наадмын нээлтийн хүндэтгэлийн тоглолт өчигдөр “Соёлын төв өргөө”-нд боллоо.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Монгол дээлийг эв хавгүй өмсөж, сулхан бүсэлсэн гадаадууд нүдэнд нэг л ёозгүй харагдав. Тэднийг нэрлэвэл Герман улсын морин хуурч Андреа Горецки, Бельги улсын хуурч Антон Вандеркекен, Франц улсын Стив Морел хэмээх аж. Морин хуур, дээл Монгол үндэстний хувцас, хөгжим байтал эд ингээд өмсчихсөн, хуурдчихсан суугаа нь эхэндээ таалагдсангүй. Ямартаа л Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайгаас “Япон, Германчуудад морин хуур зааж, сургах нь  үндэстний соёл уусах, мөхөх аюултай биш үү” гэж адгаж асуугаад хатуухан зэмлүүлэхэв. Энэ бол хүндэтгэлийн тоглолтыг угтаж зохион байгуулсан хэвлэлийн хурлын эргэн тойронд болж өрнөсөн үйл явдал юм.

Тоглолт эхэллээ.

 

 

Улсын филармонийн концертын их тайзны хөшиг нээгдэж удирдаач Д.Түвшинсайхан болон Филармонийн морин хуурын чуулгын уран бүтээлчид Н.Жанцанноровын “Монгол аялгуу” хэмээх тансаг аялгууг эгшиглүүлэв. Сонсоод л суумаар энэ аялгууг өнөө эв хавгүй хувцасласан гадаадууд их л тааламжтай сонсож харагдлаа. Эд сонсож байна гэдэг нь морин хуурын аялгууг дэлхий сонордож буй хэрэг ч юм шиг эсхүл бид соёлоо бусдад бэлэглээд буй ч юм шиг үзэгчийн суудлаас харалган бодол тээж суулаа. Ерөөс наадмын эрхэм зорилго ч морин хуурыг дэлхийд сонордуулах юм. Тийм ч болохоор эдэнд талархах нь зүйтэй бололтой. Монголчууд бид хуураа ханандаа өлгөөд л хаа нэг тоосыг нь үргээгээд бэлэгдэл төдийхнөөр хадгалдаг. Харин эд уйгагүй зүтгэж суралцаад одоо ингээд том хэмжээний тоглолтод оролцохоор сууж байна. Андреа Горецки гэхэд программ хангамжийн мэргэжилтэй. Гэсэн хэдий ч тэрбээр 2012 оноос монголд амьдрах хугацаандаа мэргэжлийн багшаар морин хуур заалгаж суралцсан гэнэ. Тэрбээр энэ наадамд тэмээний магтаал, дөрвөн ойрдын уриа зэрэг ая татлагыг хуурдаж сонирхуулах аж. Түүнчлэн Антон Вандеркекен 2013 онд Монголд ирсэн. Ингэхдээ хөөмийч Д.Хосбаяртай уулзаж, Монгол соёл уламжлал, морин хуур, хөөмийг ихэд сонирхжээ. Түүнд монгол хөгжмийн тансаг аялгуу, хөөмийн нууцлаг дуу авиа түүнд гүнзгий сэтгэгдэл үлдээсэн учраас морин хуурыг судлан суралцсан байна.

 

 

Намайг ингээд олон улсын хуурчдыг сонжиж, эсрэг тэсрэг бодолдоо ороогдон суух хооронд Соёл урлагийн их сургуулийн морин хуурын оркестр тайзнаа гарч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүүгийн “Замбуулин” хэмээх бүтээлийг олон нийтийн хүртээл болгов. Ийнхүү морин хуурын аялгуугаар хөглөгдсөн нэгэн үдшийг олон улсын хуурчид болон хөдөө орон нутгаас ирсэн ахмад соёлын өвийг тээгчидтэй үзэгчийн суудалд үдлээ.

 

Морин хуур олон улсын тавдугаар наадам энэ сарын 6-ныг хүртэл Улаанбаатар хотноо үргэлжлэх юм. Наадмын үргэлжлэх хугацаанд “Морин хуурын урын сан” симпозиум, Олон улсын морин хуурдчын тоглолт,  “Ардын уламжлалт хуурын арга барил” сургалт, орон нутгийн ардын авьяастны уулзалт, наадмын хаалтын нэгдсэн тоглолт тус тус зохион байгуулагдах юм байна. Тодруулбал,

 

  • Нээлтийн хүндэтгэлийн тоглолт /энэ сарын 4-нд 19.00 цагт Улсын филармонид/
  • “Морин хуурын урын сан” симпозиум / энэ сарын 5-нд 10.00 цагт Петровис компанийн хурлын танхимд/
  • Олон улсын морин хуурчдын тоглолт /Энэ сарын 5-нд 19.00 цагт Улсын филармонид/
  • “Ардын уламжлалт хуурын арга барил” сургалт, орон нутгийн ардын авьяастны уулзалт /Энэ сарын 6-нд 10.00 цагт Хөгжим бүжгийн коллежид/
  • Наамдын хаалтын тоглолт /энэ сарын 6-нд 18.00 цагт Улсын филармонид/

 

2008 оноос хойш хоёр жил тутамд нэг удаа зохиогддог байсан эл наадам уралдаан болон эрдэм шинжилгээний хурлын арга хэмжээгээр ээлжлэн зохиогддог байсан. Харин энэ жилийн хувьд эрдэм шинжилгээний хурал, олон улсын хуурчдын уралдаан давхар болж буйгаа онцлог юм байна. Наадамд энэ жил Герман, Бельги, Франц, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриадын нийт 20 гаруй гадаадын морин хуурч, монголын мэргэжлийн хөгжмийн 5 театр чуулгын 100 гаруй уран бүтээлч оролцох аж. Харин эрдэм шинжилгээний хуралд 20 гаруй эрдэмтэн судлаач, хөдөө орон нутгаас 10 гаруйсоёлын өв тээгчид оролцох юм байна.

 

Наадмын зохион байгуулагчид энэ жилээс наадмын агуулга, цар хүрээг өргөжүүлэн хөдөө орон нутгийн ардын авьяастан хуурчдыг урьж оролцуулжээ. Тус хуурчид ихэл болон морин хуурын нутаг нутгийн онцлогтой ая дан, устаж үгүй болж буй ховор содон хуурын татлагыг олон нийтэд толилуулах аж.

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Яг морин хууранд хамаатай эсэхийг мэдэхгүй.Гэвч хуурдангаа ерөөл, магтаал,тууль аялгуулан хэлдэг нэг төрөл зүйл бараг устчих шиг болох юм.Дагийранз гуай, Жанцанчой гэсэн матеруудын араас тэднийг залгах хүмүүс төрсөнгүй юү дээ.
2016-05-05
Зочин:
ямар ч өчүүхэн богино бодолтой амьтан бичээ вэ. монголын урлаг дэлхийд тархвал гэсэн бодол ч орж ирсэнгүй энэ амитанд
2016-05-05
Narrow mind:
Өчүүхэн сэтгэлгээ гаргаж бичсэн бна даа
2016-05-05