Хуурамч картаар гүйлгээ хийж, их хэмжээний хохирол учруулжээ
2016-05-05

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэргтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид цахим болон залилан мэхлэх гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа тухай мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өглөө. 

 

1997 онд төрсөн Т гэгч нь компьютерийн мэдээллийн сүлжээнд нэвтрэх зориулалт бүхий хакерын програмыг ашиглан 24 783 иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг хууль бусаар хуулбарлан авсан хэргийг илрүүлжээ. Тэрбээр мэдээ мэдээлэл, танилцуулга, судалгаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэб сайтуудад хууль бусаар нэвтэрч, мэдээллийг нь хуулбарласан байжээ. Мөн Т гэгч нь компьютерийн сүлжээнд байгаа мэдээллийн хуулбарлан авах 12 төрлийн хортой програмыг зохиосон байсныг шалгалтаар илрүүлжээ. 

 

Үүнээс гадна 1985 онд төрсөн Х гэгч иргэн гадны иргэдийн виза картыг ашиглан, хууль бусаар гүйлгээ хийж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг цагдаагийн албан хаагчид илрүүлсэн байна. Х-ийн гэрт үзлэг хийж, виза картын бэлдэц болон виза картанд мэдээлэл суулгах зориулалт бүхий тоног төхөөрөмжийг хураан авсан байна. Одоогоор хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байгаа аж.

 

Бусдын сүлжээнд нэвтэрсэн, хуурамч виза карт үйлдвэрлэсэн байж болзошгүй энэ хэргүүдийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй.

 

Үүнээс үүдэж цагдаагийн байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд кибер аюулгүй байдалдаа анхаарал хандуулах шаардлагатай байгааг хэлж байна. Нэр хаяг нь тодорхойгүй э-майл, сошиал орчны янз бүрийн постод нэвтрэх нь мэдээлэл алдагдал эрсдэлийг дагуулж байна. Тиймээс иргэд, байгууллагыг цахим орчинд аюулгүй байдлаа сайтар хангаж, нэр хаяг тодорхойгүй э-майл хаягийг нээж үзэхгүй байх, шаардлагагүй постуудад нэвтэрч орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн иргэдийн ашигладаг банкны виза картны туузан нууцлал нь мэдээллийг хуулбарлах, хуурамчаар үйлдэхэд хялбар байдаг аж. Тиймээс виза картны туузан нууцлалыг чипээр сольж, нууцлал, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байгааг банкуудад анхааруулж байна.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Zow chiglvvleed ogwol mundag tolgoinuud bna da. Yaduugiin zowlon gdg ni l ene bh da
2016-05-05