Эцэг эхчүүд дахин жагсав
2016-05-05 15:56

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн актаар Хо-Ши-Миний нэрэмжит 14-р сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Гэтэл өнөөдрийг хүртэл тус сургуулийн шинэ барилга баригдаагүй бөгөөд сурагчид, сургуулийн байрандаа хичээллэж чадахгүй 3 жил өнгөрчээ. Сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөлүүд дээрх асуудлаар БСШУЯ болон  НИТХ, Ерөнхийлөгчид удаа дараа шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй аж. Иймд эцэг эхчүүд нэгдэн сургуулийн барилгын ажлыг яаравчлан гүйцэтгэхийг Засгийн газраас шаардаж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард жагсаал зохион байгуулсан. Дээрхи асуудлаар өнөөдөр сургуулийнхаа гадна талбайд дахин жагслаа.

 

Тус сургууль нийт 2000 гаруй сурагчтай. Ахлах дунд ангийн сурагчид Нийслэлийн 44, 53, 92 дугаар сургуульд гурван ээлжээр хуваагдан хичэллэдэг аж. Харин 1-3 дугаар ангийн сурагчид өргөтгөлийн байрандаа гурван ээлжээр хичэллэж байна. Өөр сургууль дамжин хичээллэх болсноор долоо хоногт хоёр удаа ордог байсан биеийн тамирын хичээл 14 хоногт нэг цаг ордог. Англи болон орос хэлээр хуваагдаж ордог хичээлүүд тусдаа орох боломжгүй болсон. Лабораторид ордог байгалийн ухаан болон хөдөлмөрийн хичээлүүд орхигдоод байгаа талаар багш, эцэг эхчүүд хэлж байна.

 

14-р сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга Д.Сүхбаатар “Өглөө 08.00 цагаас орой  20.00 цаг хүртэл ээлжээр орж хэтэрхий орой тарж байгаа нь бага насны хүүхдүүд оройн цагаар явж байгаад гэмт халдлагад өртөх орчин нөхцлийг бүрдүүлж байна. 14 дүгээр сургуулийн үйл ажиллагааг зогсоох акт гарахад нийт 2778 сурагчтай байсан. Гэтэл сургуулийн орчин нөхцөл муудсантай холбоотойгоор 300 гаруй хүүхэд шилжсэн. Дан ганц сурагчдад хүндрэлтэй асуудал байгаагаас гадна багш нар 3 сургуулийн дунд явж хичээлээ амжиж заахын тулд байнга таксидаж байна. Багш нар хэдэн төгрөгийн цалин авдаг билээ. Авсан багахан цалингаа таксинд  өгөөд дуусч байна шүү дээ. Мөн 53 дугаар сургуулийн багш нар өөрсдийн ажлын өрөөгөө анги танхим болгоод өгчихсөн. Кордортоо ажлаа хийж байна.Гэтэл одоо болтол сургуулийн шав тавигдаагүй байна” хэмээв.

 

Сургуулийн хуучин барилгыг  “Цамхаг” консракшин буулгасан бөгөөд шинэ барилгын ажлыг концессын гэрээгээр барих ёстой аж. Гэвч үнэ өртөгөө тохирч чадахгүй байгаагаас барилгын ажил удааширч байгааг эцэг эхчүүд хэлж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Авилгал авлгалаас болж байна
2018-05-10
Зочин:
Боловсролыг ингэж л дэмжиж байна ш дээ Төрөөс
2016-05-06
Зочин:
Муунчин Гантомор мундаг шинэчлэл хийсний зах нь энэ дээ.
2016-05-05
zochin:
22 сартай хүүхэдээ уйлхад дуугай бай П мини гээд орилоод бгаа аав хүнийг юу гэж ойлгох ёстойн бол?
2016-05-05