Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбаруудыг буулгана
2016-05-06

 
НИТХ-ын хурлын 2013 оны 3/32 тогтоолоор “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг баталсан. Журам батлагдснаас хойш Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын хэмжээнд хяналтгүй нэмэгдсэн том, жижиг эмх цэгцгүй олон сурталчилгааны байгууламжид тавигдах шаардлагыг бий болгож, зарим хотын төвийн гудамжид сурталчилгааны самбар байршуулахыг хориглосон.
 

Мөн сурталчилгааны самбарын төлөвлөлт, тавигдах шаардлагыг боловсруулах, зөвлөмж гаргах, хяналт тавих үүрэгтэй “Гадна сурталчилгааны Зөвлөл”-ийг хотын Ерөнхий менежерийн дэргэд байгуулан ажиллуулж байгаа. Тус зөвлөлөөс гадна сурталчилгааны байгууламж болон аж ахуйн нэгж байгууллагын гадна хаяг, мэдээллийн байгууламжид тавигдах шаардлагуудыг боловсруулан гаргаж, Нийслэлийн Ерөнхий Архитектороор батлуулан дүүргүүдэд болон гадна сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлжээ. Зөвлөлөөс гаргасан шаардлагын дагуу самбар байрлуулах зөвшөөрлийг харьяа дүүргүүдийн Засаг даргын тамгын газар олгож, ашиглалтын гэрээ байгуулан төлбөр төвлөрүүлж эхэлсэн. 2013 оноос хойш самбарын орлого жил бүр тогтмол 600-700 сая төгрөг байсан. Хэдий тийм боловч гэрээ байгуулаагүй, зөвшөөрөл авахгүй, тавигдах шаардлагад нийцэхгүй сурталчилгааны байгууламж цөөнгүй байна.


Хотын хэмжээнд 760 орчим томоохон сурталчилгааны байгууламж байгаагаас 269 нь зөвшөөрөлгүй эсвэл шаардлагад нийцэхгүй байна. Үүнээс 69 нь том хэмжээтэй сурталчилгааны самбар байгаа бол үлдсэн 200 нь жижиг мэдээллийн болон хаягийн байгууламж байна. Дээрх сурталчилгааны байгууламж нь дараах үндсэн хэд хэдэн шаардлагыг хангаагүй улмаас буулгахаар шийдвэрлэлээ.
 
  • Дүүргийн ЗДТГ-аас зөвшөөрөл аваагүй, дур мэдэн нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан
  • Гудамжны хяналтын камеруудыг халхалсан, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг үнэлэхэд саад учруулсан
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулж, үзэгдэх орчныг хаасан
  • Өнгө үзэмж муутай, бүрэн бүтэн байдал алдагдсан.
  • Гэрээ байгуулаагүй, дүүрэгт төлбөрөө төлөөгүй
  • Авто зам, дэд бүтцийн ажлын трассд орсон.
 
Зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй сурталчилгааны байгууламжуудыг байрлуулсан аж ахуйн нэгжүүд өөрсдийн зардлаар самбараа буулгах ёстойг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас анхааруулж байна.  Буулгаагүй тохиолдолд дүүргээс хөрөнгө гаргаж буулгаад эргэж тухайн аж ахуйн нэгжүүдээр төлүүлэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
Дэмжигч:
Буулга буулга! Сонгуулиар өөрсдийгөө буулгаж хөгөө чирэв дээ, хонгорууд минь!
2016-05-06